МҮОХ-ноос ОУОХ-руу албан тоот явуулахаар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-16 14:18:57

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадам эхлэхэд 10 хоног үлдсэн байхад буудлагын тамирчдын мэдүүлгийг дутуу явуулсан гэх шүүмжлэл цахим орчинд цацагдаад байна. Тэгвэл энэ талаар Монголын үндэсний олимпын хорооноос мэдээлэл хийлээ.


Энэ тухай Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Зургаадугаар сарын 21-ний дотор нэр, зайгаа баталгаажуул гэсэн. Монголын буудлагын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Энхсайхан гэдэг хүн бидэн рүү мэдүүлгээ ирүүлсэн. Бид үүнийг л баталгаажуулсан. Долоодугаар сарын 8-ны өдөр хугацаа дууссан. Эрх нэмж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлээгүй. Хугацаа дууссан хойно нь хэлсэн. Бид ч олон улсын буудлагын холбоотой холбогдож нэмэхийг хүссэн ч боломжгүй гэх хариулт ирүүлсэн. Хугацаа хаагдсаны дараа ийм асуудал үүслээ. Олимп эхлэхэд арав хоногийн хугацаа үлдлээ” гэв.


Харин Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, “Монголын үндэсний олимпын хороо зуучлалын үүрэгтэй. Буудлагын холбооны албан бичгийг л хүргүүлдэг. Тухайн холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга тамирчдынхаа нэр, төрлийг илгээдэг. Олимпын хороо эрхийг нь баталгаажуулж, Олон улсын олимпын хороо руу явуулсан. Монголын үндэсний олимпын хороо нэмсэн болон хассан зүйлгүй. Мэдүүлэг явуулдаг, баталгаажуулдаг хүмүүсээс тайлбар авсан. Тамирчны эрх ашгийг хамгаалдаг байгууллага бол Олимпын хороо. Монголын үндэсний олимпын хорооноос албан тоотыг Олон улсын олимпын хороо руу явуулахаар болсон. Хариу яаж ирэх нь тухайн байгууллагуудаас шалтгаална. Хэвлэл мэдээллээр “Буудлагын тамирчин олимпод орж чадахгүй” гэсэн мэдээ бол худлаа. Үндсэн зай, төрөлдөө оролцоно. Нэмэлт төрөлд л оролцож чадахгүй” хэмээн ярилаа.

 

Тэгвэл МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Одоо бүх хугацаа дуусч, хаагдсан. Гэхдээ бид тамирчдынхаа эрх ашгийн төлөө Олон улсын олимпын хороо руу албан бичиг явуулсан. Магадгүй орох боломж байхыг үгүйсгэхгүй. Баталгаа өгч чадахгүй. Холбоодын гол ажил бол ямар төрөлд, хэн оролцох вэ гэдгийг шийддэг. Бид мэдүүлгийг нь олон улс руу илгээж, баталгаажуулдаг. Буудлагын холбооны ерөнхийлөгчтэй холбогдсон. Эцсийн боломж нь л албан бичиг явуулах” гэлээ. 

Холбоотой мэдээ