К.Харрисын штабт 55 сая долларын хандив цугларчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-22 19:22:22

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 22 /ТАСС/. Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн өрсөлдөөнөөс гарснаас хойших хугацаанд дэд ерөнхийлөгч Камала Харрисын сонгуулийн штаб 55 сая гаруй долларын хандив хүлээн авчээ. Энэ тухай Ардчилсан намд зориулан хандив цуглуулж буй ActBlue платформын мэдээлэлд үндэслэн Politico сонинд бичжээ.


АНУ-ын зүүн эргийн цагаар 22:00 цагийн үед /Улаанбаатарын цагаар өглөөний 10:00 цаг/ Харрисын сонгуулийн кампанит ажилд зориулан цугларсан жижиг хандивуудын нийлбэр дүн 55 сая доллароос давсан байна.  


Өмнө нь мэдээлснээр, Ж.Байден өрсөлдөөнөөс гарснаас хойш 5 цагийн дараа 27,5 сая долларын хандив цуглараад байв. Politico сонинд бичсэнээр, 6 дугаар сарын эцсийн байдлаар Байдены сонгуулийн штабт цуглараад байсан 95 сая долларыг одоо Харрисын кампанит ажилд зарцуулах ёстой. Харин  The Washington Examiner сонинд бичсэнээр бол, хэрвээ Харрис нэр дэвших боломжгүй болж, өөр улстөрч түүнийг орлох болсон тохиолдолд цугларсан мөнгийг хандивлагчдад буцаан олгох ёстой.  


Politico сонинд мэдээлснээр, ням гарагийн оройны байдлаар Харрисыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг Ардчилсан намаас Сенатад сонгогдсон 26 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 72 гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Нью-Жерси, Нью-Йорк, Калифорни, Мичиган, Пенсильвания зэрэг муж улсуудын захирагчид түүнийг дэмжиж байна. Мөн Ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний гэргий Хиллари Клинтон нар дэд ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ