Дэлхийн хэвлэл мэдээллийн хоёр дахь удаагийн форум Шуша хотод болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2024-07-25 12:04:29

Шуша, Азербайжан 2024 оны долоодугаар сарын 25  /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэл мэдээллийн “Худал мэдээллийг илрүүлэх нь: Худал мэдээлэлтэй тэмцэх нь” хоёр дахь удаагийн форум Бүгд найрамдах Азербайжан Улсын Шуша хотод энэ сарын 21-23-нд боллоо.


Тус форумын зорилго нь дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд худал мэдээлэлтэй хэрхэн тэмцэх талаар хамтын хэлэлцүүлэг өрнүүлэх, үүнээс үүдэн нэгдмэл байдлыг бий болгох явдал юм.


Форумд нийт  30 орны мэдээллийн агентлаг, олон улсын гурван байгууллага, 82 хэвлэл мэдээллийн байгууллагын нийт  50-иад орны 150 гаруй  зочид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов.


Форум “Худал мэдээллийн нөлөөлөл: Хуурамч мэдээллийн цар хүрээг тогтоох нь”, “Худал мэдээлэлд тэсвэртэй нийгмийг бий болгох бодлого, санаачилга”, “Хиймэл оюун ухааны  хэвлэл мэдээлэл, худал мэдээлэлд үзүүлэх нөлөөлөл: Хэвлэл мэдээлэл дэх өөрийн гэсэн хэв маягийг бий болгох нь”, ”Уур амьсгалын өөрчлөлт ба хэвлэл мэдээл гэсэн дөрвөн салбар хуралдаанаас бүрдсэн юм.


“Худал мэдээлэлд тэсвэртэй нийгмийг бий болгох бодлого, санаачилга” сэдэвт  салбар  хуралдаанд мэдээллийн агентлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, шинжээчид худал мэдээлэл, баталгаажаагүй мэдээллийг илрүүлэх, дэлхийн хэмжээнд худал мэдээлэлтэй тэмцэх талаарх мэдлэг, түүнтэй  хэрхэн тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх талаар санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцлаа.


“Хиймэл оюун ухааны  хэвлэл мэдээлэл, худал мэдээлэлд үзүүлэх нөлөөлөл: Хэвлэл мэдээлэл дэх өөрийн гэсэн хэв маягийг бий болгох нь” салбар хуралдаанд оролцогчид мэдээ мэдээлэл бэлтгэх, түгээхэд хиймэл оюун ухааныг ашиглахад үүсэх эрсдэлийг бууруулах үр дүнтэй менежментийн стратеги боловсруулахын чухлыг тэмдэглэв. Үүнд, хиймэл оюун ухааныг ашиглагчийн мэргэжлийн ёс зүй, боловсролын түвшнийг үр дүнтэй сайжруулж, хүртээмжийг дээшлүүлэх хэрэгтэй хэмээн үзэцгээв.


Мөн хиймэл оюун ухааны нөлөөгөөр улс үндэстнүүдийн хэл, соёлын язгуур онцлог шинж алдагдахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдэгт  санал нэгдэв.


“Уур амьсгалын өөрчлөлт ба хэвлэл мэдээлэл” салбар хуралдаанд БНАУ-ын Ерөнхийлөгчийн туслах Хикмат Хажиев үг хэлэхдээ,  олон улсын хамтын нийгэмлэг хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээллийг баталгаажуулах, үнэн зөв мэдээлэл түгээх үүрэг хариуцлагаа дээшлүүлэх шаардлагатайг онцоллоо. Тэрбээр хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгарч буй сорилтыг онцлон тэмдэглээд, мэдээллийн агентлагууд, НҮБ болон дэлхийн бусад байгууллагатай илүү нягт хамтран ажиллаж, үнэн зөв мэдээлэл хуваалцах нь нэн чухлыг тэмдэглэв.


Энэ үеэр ногоон ертөнцийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо, үр дүнтэй механизм, ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон нийтийн мөрийн хөтөлбөр боловсруулах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Ташрамд дурдахад, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал /COP29/  БНАУ-ын нийслэл Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 11-22-нд болно.


                                                                                                                            Б.Мөнхтуул 










Холбоотой мэдээ