Х.Нямбаатар: “Сэлбэ” дэд төвд 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендер зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-31 14:31:38

Улаанбаатар, 2024 оныы долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэхдээ, “Улаанбаатар хотын авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах төслийг танилцуулсан. Улаанбаатар хотын Их, Бага тойруу дотор байгаа төрийн захиргааны төв байгууллагыг Богд уулын урд гаргах, Шинэ Зуун мод хот руу чиглэсэн урсгал бий болгох, өөр хороондоо уялдаатай таван төсөл танилцуулсан. Төсөв нь хийгдсэн Туулын хурдны замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын нээлттэй тендер зарлана. Туулын хурдны замаас дээшээ саран хэлбэрээр эх авч Их тойруугаа тойрсон тойрог хурдны замыг байгуулахтай холбоотой зөвлөх үйлчилгээний тендер зарлах юм. "Өөдөө тэмүүлэх" гүүр нь Туулын хурдны замаас эх авна. Дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд болон төр,  хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх усан сан, авто замын бүхий л төслүүдийг танилцууллаа.


Метроны төслийн нэгдүгээр үе шатыг ирэх аравдугаар сарын 1-нд шалгаруулахаар нэгдүгээр үе шатаа зарлаад явж байна. Дүүжин тээвэртэй холбоотой төсөл хөтөлбөрийн барилга угсралтын ажил эхэлсэн. Нарийн бетоныг нь гадаад улсад үйлдвэрлэх ажил эхэлсэн, энэ жилдээ багтаан авчирч угсрах бэлтгэл ажил хийж байна.


Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд дэд төвийг түшиглэн хөгжүүлэхээр “Сэлбэ”, “Баянхошуу”, “Шархад” төвд инженер дулаан хангамжийн техникийн шийдэл хийсэн. Үүнтэй холбоотой Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендер зарлахаар бэлэн болж байгааг танилцуулсан” хэмээлээ. 

Холбоотой мэдээ