Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны долоодугаар
сарын 31 /МОНЦАМЭ/. Гадаад
харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон
гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг долоодугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан
Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Койшибаевийг хүлээн авч уулзав.
Л.Мөнхтүшиг Монгол Улсын
Төв Азийн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Казахстан Улстай хөгжүүлж буй
харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлов. Цаашид
Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн
засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран
ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Талууд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагаа, ойрын хугацаанд
хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар болон олон улс,
бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар
дэлгэрэнгүй санал солилцлоо.