Энэтхэгт хөрс нурсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-07-31 16:55:42

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны долоодугаар сарын 31 /BBC/. Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужид хөрс нурсны улмаас амиа алдсан хүний тоо 158-д хүрч, 187 хүн сураггүй болсон тухай албаны хүмүүс мэдэгджээ.


Мягмар гаргийн шөнө түр зогсоосон аврах ажиллагааг лхагва гаргийн өглөөнөөс үргэлжлүүлсэн байна. 2018 онд үерийн улмаас 400 гаруй хүн амь эрсэдсэнээс хойш Кералад нүүрлэсэн хамгийн хөнөөлт байгалийн гамшиг энэ болж байна. Тус мужид хоёр өдрийн гашуудал зарласантай холбогдуулан төрийн байгууллагуудын барилгын дээрх төрийн далбааг хагас бөхийлгөжээ.


Ваянад дүүргийн Мундакай, Чооралмал бүсэд нүүрлэсэн гамшиг нь бүхэл бүтэн бүс нутгийг газрын хөрснөөс арчсан” гэж Тэргүүн сайд Пинарай Вижаян мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тус дүүрэг болон зэргэлдээх бүс нутгуудад лхагва гарагт аадар бороо орох тул сонор сэрэмжийг дээшлүүлж байна.


Мужийн хэмжээнд 14 дүүргийн 12-т нь сургууль, коллежуудын үйл ажиллагааг түр зогсоожээ. Аврах ажиллагааг Байгалийн гамшгийн уршгийг арилгах газар, арми, тэнгисийн цэрэг, агаарын цэргийн хүч, цагдаагийн болон гал унтраах ангиуд хамтран явуулж байна. Одоогийн байдлаар 3000 гаруй хүнийг аварч, 45 хуаран руу нүүлгэн шилжүүлжээ.

Холбоотой мэдээ