Д.Гэрэлмаа: Монгол Улс, Швейцарын холбооны улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаатай ярилцлаа.
-Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол, Швейцарын дипломат харилцаа хэрхэн өрнөсөн болон хамтын ажиллагааны ололт амжилт, түүхэн онцлог үйл явдлын талаар Та мэдээлэл өгнө үү?
-Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш нэгэн жаран өнгөрчээ. Энэхүү 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад энэ 8 дугаар сарын 2-4-нд төрийн айлчлал хийж буйд бид туйлын баяртай байна. Швейцарын Холбооны Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хэрэгжүүлж буй түүхэн онцлогтой айлчлал болж байна. Мөн энэ оны 5 дугаар сард Швейцарын Үндэсний зөвлөл буюу Парламентын гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Лорен Верли манай улсад айлчилсан нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал айлчлал болсон.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоохоос өмнө тэртээ 1920-иод онд Монгол Улсын стратеги, бодлого, үйл ажиллагаанд Швейцар Улс чухал нөлөө үзүүлж байсан тухай баримт сэлт бий. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа Монголын удирдагчид Швейцар Улсыг хөгжил дэвшил, төвийг сахисан байр суурийн тод үлгэр жишээ гэж үзэж, “Швейцар лугаа хөгжих” баримтлалыг гаргаж байжээ. Мөн 1920-1930 онд цөөнгүй швейцар иргэн манай улсад ажиллаж, худалдаа үйлчилгээ, бүтээн байгуулалт зэрэг олон салбарт хувь нэмрээ оруулж байжээ. Тухайлбал, барилгын мэргэжилтэн Карл Алфред Геринг 1926-1930 онд ажиллаж байсан тухай тэмдэглэгдэн үлджээ. Энэ бол манай хоёр улсын иргэд эртнээс харилцаа холбоо тогтоож байсны илрэл юм.
Монгол Улс 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний дараа Барууны орнуудаас анх ИБУИНХУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоож, улмаар 1964 онд Швейцар, Финланд, Австри, Швед Улстай харилцаа тогтоосон нь Монгол Улсын гадаад бодлого, олон улсын тавцан дахь нэр хүндийг бэхжүүлэхэд чухал түлхэц болсон.
Швейцар Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон 29 дэх, Монгол Улс Швейцартай харилцаа тогтоосон 109 дэх улс болжээ. Хэдийгээр Монгол, Швейцар улсууд дипломат харилцаа тогтоосон ч 1990-ээд оны эхэн хүртэл хоёр улсын шууд харилцаа хязгаарлагдмал байв.
Ингээд 1990-ээд оны дундаас хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлсэн олон салбарын гэрээ хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын баримталж буй зарчим, үнэт зүйлс, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ хийх өргөн боломжийг бүрдүүлсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлж ирсэн нь өнөөгийн бидний тогтвортой, урагштай, үр дүнтэй харилцааг хөгжүүлэх эхлэл болжээ.
Өнгөрсөн 60 жилийн хугацаанд хөгжүүлсэн Монгол, Швейцарын харилцаа нь хоёр улсын нийтлэг эрх ашгийг хамгаалан бэхжүүлэхийн төлөөх харилцан ойлголцол, тогтвортой хамтын ажиллагааны урт замнал юм. Дипломат харилцааны түүхэн ойг тэмдэглэж буй энэ үед бид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллаж байна.
-Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хамтын ажиллагааны чухал салбар юу вэ? Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дурдана уу?
-Монгол, Швейцарын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа тогтвортой хөгжиж, манай улсаас Швейцарт жилдээ нэг тэрбум ам.долларын алт экспортолж буй нь манай нийт экспортын 8.2 хувийг эзэлдэг.
Манай хоёр улсын соёлын харилцаа улам бүр бэхжиж ирэв. Швейцар Улсад Монголын баялаг өв соёлыг харуулсан олон арга хэмжээг бид зохион байгуулдаг. Энэ нь соёл хоорондын харилцан ойлголцлыг бий болгож бэхжүүлдэг.
Монголын түүх, нүүдэлчдийн өв уламжлалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх хүрээнд Швейцарын хамгийн том урлагийн музей болох Цюрих хотын Риетбергийн музейд 2025-2026 онд хамтарсан үзэсгэлэн гаргаж, улмаар Баруун Европ болон дэлхийн алдартай музейн үзмэрүүдийг дэлгэн үзүүлэхээр бид ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Евразийн соёл, худалдаанд үзүүлсэн нөлөө, байр суурийг онцолж, Монголын түүхэн замнал, орчин үеийн онцлогийг харуулах зорилготой юм.
Соёлын харилцааны нэгэн адил боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа, оюутан солилцоо нь Монгол, Швейцарын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Монгол Улс 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт хүрэх замд швейцарын талаас үзүүлсэн дэмжлэг туслалцаанд бид талархдаг. Швейцар Улс 2000-аад оны эхэн үеэс манай улсад хөгжлийн тусламж санал болгож, Монгол Улсын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн чухал түнш билээ.
Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийг 2004 онд Улаанбаатар хотноо байгуулж, 2006 онд Монгол Улсыг Швейцарын хөгжлийн албан ёсны тусламж авах орнуудын жагсаалтад оруулсан нь тус улс манай улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд тууштай зүтгэж байгаагийн илрэл байв. Швейцарын санхүүжилтээр манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаад Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.
Мөн 1990-ээд оны сүүлчээс Швейцарын шилдэг эмч, мэс заслын эмч нар жил бүр Монгол Улсад ирж, өвчтөнүүдийг оношлох, эмчлэх, монгол эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ирсэн нь тэдний ур чадварт ихээхэн түлхэц болсныг дурдах нь зүйтэй. Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартыг сайжруулаад зогсохгүй манай хоёр үндэстний найрамдлыг бэхжүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн юм.
Монгол Улс эдийн засгийн өсөлтийг хангах асар их нөөц баялагтай. Тогтвортой хөгжилд онцгой анхаарал хандуулж байгаа Монгол Улс байгалийн баялгаа хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх боломжийг өргөжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой байдаг. Энэ чиглэлээр бид Швейцараас зөвхөн тусламж хүсэх бус эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Бидний хамтын ажиллагааны гол зорилго Швейцарын өндөр технологийн хөрөнгө оруулалтыг Монголд татах, улмаар инновацыг нэвтрүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Түүнчлэн Монгол Улс хөдөө аж ахуй эрхэлдэг орны хувьд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан зэрэг салбар өндөр хөгжсөн Швейцар Улстай хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэхийг зорьж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 1 дүгээр сард Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Швейцарын Холбооны Ерөнхийлөгч В.Амхердтэй уулзаж санал солилцсон. Талууд хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцсаны дотор өвлийн спорт, аялал жуулчлалын чиглэлээр нэр хүндтэй, баялаг туршлагатай Швейцар Улстай хамтран ажиллаж, өвлийн аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх боломжийн талаар дурдсан. Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв, Швейцарын Аялал жуулчлалын байгууллага хоорондын 2023 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт үндэслэн Монгол, Швейцарын аялал жуулчлалын байгууллагууд хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, жуулчны тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.
Түүнчлэн энэ оны 9-10 дугаар сард зохион байгуулах, Швейцарын гурав дахь том үзэсгэлэн “Foire du Valais”-д Монгол Улс хүндэт зочноор оролцоно. Монголын соёлын баялаг өв, аялал жуулчлалын онцлог газруудыг швейцар иргэдэд танилцуулах, сурталчлах сайхан боломжийг олгож байгаа энэ үзэсгэлэн манай хоёр улсын соёлын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.
Монгол Улс Швейцарын Холбооны Улсыг ардчиллын үлгэр жишээ орон гэж үзэж, ардчилсан тогтолцоогоо тус улсын жишгээр хөгжүүлэхийг эрмэлздэг. Тогтвортой хамтын ажиллагаа, мэдлэг туршлага хуваалцах замаар бид Монголын ардчилсан тогтолцоо, засаглалыг сайжруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Бидний хамтын ажиллагаа ирэх жилүүдэд бүх салбарт амжилттай хөгжиж, дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна.
-Өнгөрсөн 60 жилийн хугацаанд энх тайвныг бэхжүүлэх асуудал Монгол, Швейцарын дипломат харилцаанд хэрхэн нөлөөлсөн бэ. Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, мөргөлдөөнийг шийдвэрлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Монгол, Швейцарын оруулсан хувь нэмрийн талаар дурдвал?
-Монгол, Швейцар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн чухал ойг тэмдэглэж байгаа нь дипломат харилцааны ололт амжилтыг тэмдэглэхийн сацуу хамтын үнэт зүйлс, энх тайвныг эрхэмлэх үйлсийг дурсах, түгээх арга хэмжээ юм. Хоёр улс энх тайвныг эрхэмлэсэн гадаад бодлого баримталж ирсэн нь дэлхийн тавцанд явуулж буй дипломат үйл ажиллагаа, энхийг сахиулах хүч чармайлтад тусгалаа олж байна.
Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо “Энх тайвны төлөө” уриан дор тэмдэглэж буй Монгол, Швейцар Улс олон улсын хамтын нийгэмлэгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө ойр дотно хамтран ажилладаг.
Монгол, Швейцар Улс алс хол оршдог, соёлын ялгаатай ч гэсэн энх тайвны төлөө нийтлэг гүн гүнзгий эрмэлзэлтэй. Төвийг сахидаг Швейцар Улс нь энх тайван, тогтвортой байдлын төлөөх гадаад бодлого явуулж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэн. Үүний нэгэн адил хоёр том гүрний дунд оршдог Монгол Улс энх тайван, тогтвортой байдлыг хангах, эвсэлд үл нэгдэхийн төлөө тууштай байдаг. Манай улсын түүх тийм амар хялбар байгаагүй ч дэлхийн тавцанд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжин, энх тайвны төлөө идэвхтэй дуу хоолой илэрхийлж ирсэн.
Монгол, Швейцар Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмэр оруулдаг. Швейцарын хувьд, уламжлалт төвийг сахисан байр сууриа үл харгалзан зэвсэгт мөргөлдөөнийг эв зүйгээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээ явуулах, зуучлагчийн үүрэг гүйцэтгэх арвин туршлагатай.
Зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутгуудад тусламж үзүүлж, эв нэгдэл, тогтвортой байдлыг хангахад Швейцар Улс онцгой анхаардаг. Түүний нэгэн адил зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутагт Монгол Улс цэргээ илгээн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмэр оруулж байна.
Далайд гарцгүй, нөөц боломж багатай ч Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаа нь мэргэжлийн ур чадвар, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөө тууштай зүтгэж байдгаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцааны дараагийн жаранд олон улсын тавцанд энх тайвныг сахин хамгаалах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан бие биеэ хүндэтгэх зарчмыг баримтлах болно.
Дэлхий дахинаа олон сорилт бэрхшээл тулгарч буй энэ үед Монгол, Швейцарын түншлэл нь улс орнууд хил хязгаар, газар зүйн байршлаас үл хамааран даян дэлхийн амар амгалан, хөгжил дэвшил, ирээдүйн төлөө хэрхэн хамтран ажиллаж болдгийн тод жишээ болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол, Швейцар Улс ардчилал, эрх зүйт ёсны үндсэн зарчмуудыг баримталж, хүний эрхийг дээдэлдэг. Манай хоёр улс дэлхий дахины өмнө тулгарч буй хүний эрхийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тус хоёр улс цаазаар авах ялыг хэрэглэхийн эсрэг зарчмын байр суурь баримталж, түүнийг халахыг уриалан, бүх хүний амьд явах эрх, нэр төрийг хамгаалахын төлөөх олон улсын хүч чармайлтыг дэмжиж ажилладаг.
Монгол Улсын Элчин сайдын яам дипломат үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааны төв болох Женев хотноо байрладаг. Монгол Улс шиг жижиг орнуудын хувьд олон талт хамтын ажиллагаа нь олон улсын тавцанд ашиг сонирхлоо хамгаалах, их гүрнүүдтэй дуу хоолойгоо зэрэгцэн өргөхөд нэн чухал ач холбогдолтой. Ийм ч учраас манай хоёр улсын олон талт хамтын ажиллагаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц өгч ирсэн гэдгээр нь энэхүү 60 жилийн түүхэн ойг тэмдэглэн дурсах учиртай. Бид Женев хотын статусын олгож буй таатай боломжийг үр дүнтэй ашиглаж, манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг зорьж байна.
-Монгол, Швейцарын иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжих хүч чармайлт 2000 оноос мэдэгдэхүйц нэмэгдсэн. Энэ чиглэлээрх санаачилгууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн талаар ярина уу?
-Монгол, Швейцарын харилцан ойлголцол, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд хувь хүмүүс үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын хөгжлийг урагшлуулахад амьдралаа зориулсан швейцар иргэд сайн санааны жинхэнэ Элчин сайд нар, хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийн үзэл санааны эгэл баатрууд мөн. Хоёр ард түмнийг холбох гүүрийг бүтээн босгох, харилцан суралцах, биднийг нэгтгэсэн нөхөрлөлийг батжуулахад тэдний оруулсан хувь нэмэр нэн чухал юм. Швейцар иргэдээс бүрдсэн Монголын анд нөхдийн бүлэг нь манай хоёр ард түмний соёлын харилцаа, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд оролцсоор байна. Тэд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, боловсролын хөгжилд хувь нэмэр оруулж, манай улсын иргэдийн аж амьдралыг сайжруулахад урт хугацаанд эерэг нөлөө үзүүлж байна. Швейцар Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд, тэдний үүсгэл санаачилгын холбоо, нийгэмлэгүүд хоёр улсын найрсаг харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагаанд онцгой байр суурь эзэлдэг. Швейцар-Монголын нийгэмлэг, “GM-star” спорт клуб зэрэг байгууллагууд 2000 оны эхээр байгуулагдаж, өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
-Хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд Элчин сайдын хүндтэй үүргийг гүйцэтгэхэд урам зориг өгсөн зүйл нь юу байсан бэ. Элчин сайдаар ажиллаж байгаа энэ хугацаанд сэтгэлд хоногшсон дурсамжаасаа хуваалцана уу. Монголчууд швейцаруудаас юуг нь чухалчлан суралцах ёстой вэ?
-Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын хувьд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал байдаг. Өмнө нь Элчин сайдын яамандаа залуу дипломатаар ажиллаж байсан учир Швейцар орон миний сэтгэлд ойр дотно байдаг.
Миний бие Швейцарын албаны хүмүүс, бизнесийнхэн, эрдэмтэн судлаачид, энд оршин суугаа монгол иргэдтэй уулзаж явахдаа хоёр улсын дипломат харилцааны талаар илүү гүн гүнзгий ойлгодог. Мөн өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ, дипломат хүлээн авалт, соёлын арга хэмжээ зэрэгт оролцсоноор улс үндэстнүүдийн харилцааг бэхжүүлэхэд дипломат үйл ажиллагаа, ур чадвар, яриа хэлэлцээний ач холбогдлын талаарх үнэмлэмж маань улам батжиж байдаг.
Элчин сайдын ажил үүрэгт хамгийн их урам зориг өгсөн зүйл бол хоёр талын харилцааг урагшлуулахад гарсан үр нөлөө, үр дүн гэж би хэлмээр байна. Стратегийн түншлэлийг батжуулах, соёлын солилцоог нэмэгдүүлэх, швейцар түншүүдтэй харилцах боломж бүр нь бидний ойр дотно найрамдалт, үр ашигтай хамтын ажиллагааг тодотгож байдаг. Монголчууд швейцар хүний нягт нямбай, ажил хэрэгч, цаг баримтлах соёлоос суралцах хэрэгтэй гэж боддог. Мөн тэдний хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг арга барил, практикаас бид суралцах нь зүйтэй.
-Монгол, Швейцарын харилцааны хэтийн төлөвийг та хэрхэн харж байна вэ. Хоёр орны түншлэлийг хөгжүүлэхийн төлөө таны зорьж буй тодорхой зорилго, зорилтыг дурдана уу?
-Монгол, Швейцарын харилцааны ирээдүй, хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед олон салбарын харилцааг цаашид бэхжүүлэх өргөн боломж байгаад эргэлзэхгүй байна. Бид өөрсдийн давуу талаа ашиглаж, инновацыг хөгжүүлэн, иргэд хоорондын харилцааг урагшлуулснаар хоёр талын хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй.
Хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл урлаг, тогтвортой хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь миний хувьд эн тэргүүний зорилт юм.
Эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх нь инновац, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлнэ. Боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь олон талын ач холбогдолтой. Соёлын арга хэмжээ, уран бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зохион байгуулах замаар соёлын дипломат харилцаа, харилцан ойлголцлыг дэмжинэ.
Тогтвортой хөгжил, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хоёр талын харилцааны гол тулгуур болгохыг мөн эрмэлзэж байна. Монгол, Швейцар Улс шилдэг туршлага, шинэлэг санаа, технологийг хуваалцсанаар уур амьсгалын өөрчлөлт, агаарын болон хөрсний бохирдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалах, эко аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах нь байгалийн орчноо хамгаалах, ногоон хөгжил, тогтвортой амьжиргааг бий болгох давуу талтай.
Монгол, Швейцарын харилцааны ирээдүйг товчхондоо түншлэл, шинийг эрэлхийлэх, харилцан хүндэтгэл гэж би хэлэх байна. Нийтлэг үнэт зүйлс, хүсэл эрмэлзэлдээ тулгуурлан бид сорилт бэрхшээлийг даван туулж, улс орон, ард түмэндээ илүү цэцэглэн хөгжиж, тогтвортой ирээдүйг цогцлооно гэж итгэж байна.
Найрамдал, хамтын ажиллагаа, хамтын хөгжил цэцэглэлтэд суурилсан хоёр орны харилцааны дараагийн жаран жилийн түүхийг бид бүтээх болно.
Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.