ЗАВХАН: Хомын талд "Хонгор адуутай 20 жил" наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-08-02 16:38:05

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд тахь эргэн ирсний 20 жилийн ой тохиож байна.


Анх 2004 онд алс Францаас Хомын талд 12 тахийг онгоцоор авч ирж, эх нутагтаа ирснээс хойш аль хэдийн 20 жил болжээ. Анхны 12 тахь өдгөө эх нутагтаа идээшин дасаж, Европ тивээс ирсэн 26 тахь өнөөдөр 160 гаруй толгойд хүрчээ. 

Энэ бол манай үе үеийн ажилтан ажиллагсад, судлаачид, байгаль хамгаалагчдын нөр их хөдөлмөр, Хомын талын уугуул иргэд, малчдын хамтын ажиллагааны үр дүн юм. Тиймээс түүхэн баяраа тэмдэглэх “Хонгор адуутай 20 жил” баяр наадмыг энэ сарын 11-ээс 13-ний өдрүүдэд Хар нуурын эрэг, Хомын станц дээр зохион байгуулах гэж байна. Энэ үеэр их нас, соёолон, азарга, дааганы уралдаан, үндэсний бөхийн барилдаан, спортын тэмцээнүүд болно.


Мөн Хомын талын байгалийн цогцолборт газрын Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой багууд, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын малчид, уугуул иргэдтэй хамтран байгалийн цогцолборт газрын хамгаалалтын талаарх мэдээлэл солилцох, цаашдын зорилго, тулгамдаж байгаа олон талын асуудлаар зөвлөлдөх форум зохион байгуулна. Түүнчлэн уугуул иргэдийн хүүхэд багачуудад зориулсан байгалийн цогцолборт газрыг таниулах мэдээлэл бүхий зуны сургалтыг зохион байгуулах юм гэж Хомын талын тахь ТББ-аас мэдээлэв.


Сонирхуулахад, тахь эх нутагтаа ирсний буюу Монголд нутагшсаны 32 жилийн ой энэ жил тохиож байна. 


Анх 1992 оны зургаадугаар сарын 5-нд Голландаас 15 тахь авчирч, Хустайн нуруунд нутагшуулсан байна. Дэлхий дээр үлдсэн зэрлэг ганц адуу болох тахь нь XX зуунд байгаль дээр устсан. Байгаль дээр амьдарч байсан хамгийн сүүлчийн тахь нь 1968 оны үед Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газрын Тахийн талд байсан аж.

Тиймээс 32 жилийн өмнө тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд нутагшуулж буй тахийн төсөл юм. 


Монголд гурван газарт тахийг сэргээн нутагшуулж байгаагаас 390 гаруй нь Хустайн нуруунд байна. Харин Говь-Алтай аймгийн Бугат суманд 290 орчим, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 160 орчим тахь нутагшиж байна. "Хомын талын тахь" ТББ-ыг 2014 онд үүсгэн байгуулсан, Францын Тахь Хамгаалах холбооноос тахь сэргээн нутагшуулах ажлыг гардан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй байгууллага юм. Тус байгууллага нь тахийг сэргээн нутагшуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй ажиллаж буй юм. 

2004 -2005 онд Францаас хашсан талбайд өөрсдийн дураар нь байлгаж сургасан дөрвөн сүрэг тахь ба залуу адуунаас бүрдсэн нэг сүрэг тахийг Монголын баруун хэсэгт авчирч нутагшуулсан.


Тахийг 14,000 гектар хашаанд суллаж тавьсан. Энэ нь зэрлэг онгон байгальд тахийг нутагшуулах оролдлогын эхлэл байв.

Манай төсөл нь Монголд тахь нутагшуулсан гуравдагч төсөл юм. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооноос шаарддаг хатуу журамд нийцүүлэн зэрлэг адууны зан авир дээр тулгуурласан судалгааг ашиглан бид тахь нутагшуулах төслийг тусгай бодлого төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж байгаа юм гэж Хомын талын Тахь ТББ-аас нэмж дуулгалаа.

Хомын талын тахь


Тахийн унага

Холбоотой мэдээ