Я.Дүйнхэржав: Технологи хөгжсөн өнөө цагт барилгын бетоны чанар нэн чухал байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Азийн Бетоны холбооны 10 дугаар хурал манай улсад анх удаагаа болж байна. “Туушин” зочид буудалд гурван өдөр үргэлжилж буй уг хурлын талаар ШУТИС-ийн профессор, судалгааны төвийн захирал, Монгол Бетоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Я.Дүйнхэржаваас тодрууллаа.
-Барилгын гол түүхий эд
бетоны үйлдвэрлэлийн хөгжил өнөөдөр ямар түвшинд байна? Ингэж чуулж байгаагийн
гол ач холбогдол юу вэ?
-Юуны өмнө бетоны
үйлдвэрлэл Азид түлхүү хөгжиж ирснийг дурдах хэрэгтэй байх. Анх 1999 онд Японы
эрдэмтэд бетоны хөгжилд том хувьсгал хийсэн юм. Бетон үйлдвэрлэлийн уламжлалт арга
барилыг өөрчилсөн энэхүү хувьсгал бетоны хөгжилд маш их тэсрэлт болж, улмаар 2001
онд Японы Саппоро хотод Азийн бетоны холбоог байгуулан анхдугаар хурлаа хийж, танилцуулж
байсан.
Тэр цагаас хойш барилгын талх гэгддэг бетоны хэрэглээ, бетон хийх арга барил, технологи Европ болон Америкаас илүү Азид хүчтэй хөгжиж, холбооны Их хурлыг хийж ирсэн уламжлалтай. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Их хурал 2002 онд БНСУ-д, дараа нь мөн Тайваньд Бетоны олон улсын форум болж, Азийн болон дэлхийн эрдэмтэд чуулдаг болсон энэ уламжлал хадгалагдан, Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн Х хуралд Азийн бетоны холбооноос гадна Европын болон Австрали, АНУ-ын бетоны холбооны төлөөлөл оролцож байгаагаараа онцлог. Их хурлаар хаягдал бетоныг хэрэглэж ашиглах, байгаль орчинд нөлөөлж буй бохирдлыг багасгаж экологийн чиглэлээр хөгжүүлэх болон бетоны шинж чанарыг сайжруулах талаар хэлэлцэж, 7 сектор болон хуралдаж байна.
-Анх япончуудын хийсэн тэр
өөрчлөлтийн онцлог нь юунд байсан бэ?
-Ердийн бетоныг хайрга дайргаар дүүргэж, элснээсээ хоёр дахин их орц найрлагатай, үндсэн түүхий эд болдог байсан бол одоо найрлагын харьцаа эсрэгээр өөрчлөгдсөн. Энэ бол шинж чанарын өөрчлөлт. Технологийн хувьд өөрөө нягтардаг болсон нь өндөр бетон үйлдвэрлэн гаргаж, урт хугацаанд ашиглах боломжтой болгосон юм. Шинж чанарын хувьд хөнгөн, “хөвдөг” бетон, геополимер гээд олон төрөлтэй болсон. Энэ талын дэвшилтэт технологийн талаар 12 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач өнөөдөр Улаанбаатарт хэлэлцэж байна.
-Манай улсын хувьд бетоны
үйлдвэрлэлд ямар асуудал тулгарч байна?
-Нэгдүгээр хаягдал бетоныг
яах вэ гэдэг асуудал тавигдаж байна. Манай улсад 1960-1970-аад онд угсармал
барилга их барих болсноор барилга материалын комбинат буюу бетоны үйлдвэрлэл
нэлээн хөгжиж, олон бааз үйлдвэрлэл баригдсан. Одоо тэдгээрийн хаягдлыг яах вэ
гэдэг нь дараагийн асуудал болж байна.
Хоёрдугаарт, манай улсын хувьд бетоны чанарын асуудал хурцаар тавигдаж байна. Монголд цементийн олон үйлдвэр ажиллаж өөрийн хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа одоогийн нөхцөл байдалд сайн чанарын бетон үйлдвэрлэхэд анхаарч байна гэв.
Барилгын материалын түүхий эдийн үйлдвэрлэл, бетоны талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь их хурлыг нээж үг хэлэхдээ онцолсон.
Тэрбээр, барилга барих үйл ажиллагаа ногоон хөгжлийн бодлогод нийцсэн, нөөцийн хэмнэлттэй, байгаль орчин, хүний эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөгүй байх ёстойг тэмдэглэсэн юм. Тэр дундаа барилгын үндсэн хийц болох бетон, түүхий эд болох цемент нь стандартын шаардлагад нийцсэн чанартай байх хэрэгтэйг онцлов.
Монгол Улсад олон улсын судлаачид, үйлдвэрлэгчид, ханган
нийлүүлэгчид, мэргэжилтнүүд цуглаж, барилгын салбарын онцгой чухал
бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар, дэвшилтэт үйл ажиллагаанынхаа талаар
хэлэлцэж байгаад салбарын сайд бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Азийн Бетоны холбоо (ACF), Монголын Бетоны холбоо, ШУТИС хамтран зохион байгуулж буй Азийн Бетоны хобооны ээлжит Х Их хуралд энэ удаа БНХАУ-аас хамгийн олон эрдэмтэн судлаач, төлөөлөл иржээ.