ТӨВ: Өгөөмөрийн хүн чулуу
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баян сумын төвөөс зүүн урагш 60 гаруй км зайтай Өгөөмөрийн хөндийд дөрвөн хавтант чулуун хашлага болон хүн чулуу бүхий эртний түрэгийн нэгэн дурсгал бий.
Энэхүү хүн чулууны хэлбэр төрх, хийц маяг, өмсөж зүүсэн дээл хувцас, гоёл чимэглэл тэргүүтэн нь НТ-ын VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн хүн чулуу урлан бүтээх уламжлалт загварын дагуу цоолборлон хийсэн байна.
Хүн чулууг мандах нарыг эрхэмлэдэг эртний нүүдэлчдийн уламжлалт заншил ёсоор наран гарах зүгт хандуулан чулуун хашлагын өмнө тусгай сууринд суурилуулан тавьсан нь өдгөө толгой нь хагаран алга болж их биеийн доод хэсэг нь газарт булагджээ.
Шаргал өнгийн боржин чулуугаар нэлээд чадварлаг сайхан цоолборлож бүтээсэн энэ хүн чулуу баруун гартаа ямар нэг сав атгаж, зүүн гараа зүүн хөлийн шилбэн дээр тавьж завилан суусан дүрстэй.
Хоёр тийш эргүүлсэн өргөн гурвалжин захтай, буруу энгэртэй, жодгор ханцуйтай, бариу дээл өмсөж олон унжлага бүхий товруун чимэгтэй бүс бүсэлжээ.
Бүсний өмнө биед гурван жижиг товруутай бөгөөд ар талд бүсний хоёр үзүүрийг зөрүүлэн хавчуулж нэгийг доош унжуулсан ба бүсний хоёр хажуу, ар талаар хадсан нүхтэй товруунуудаас найман нарийн оосор унжуулсан байна.
Түүнчлэн баруун ташаанд дүгрэг хавтагийг бүснээс зүүжээ.
Гутлын хэлбэр төрхийг төдий л тодорхой сийлж дүрсэлсэнгүй, харин завилан суугаа
байдлыг илт тодорхой харуулан хөлийн дээгүүр дээлийн хормойн нугалаасыг нэн
товойлгон сийлжээ.
Хүн чулууны биеийн өндөр 95 см, мөрний өргөн 61 см, зузаан 52 см бөгөөд доод талд нь тусгай чулуун сууринд суулгах углуурга гаргасан байна.
Анх түүнийг суурилуулж байсан 100 x 90 см хэмжээтэй, голдоо 32 х 30 см-ийн дөрвөлжин нүхтэй хавтгай дүгрэгдүү чулуу хэдэн хэсэг хагарч хажууханд нь хэвтэнэ.
Харин эртний түрэгийн томоохон цогцолбор дурсгалын орчимд тавьдаг руни бичээст хөшөө, мэлхий чулуун суурь, зүүн урагш цувуулсан зэл чулуу зэрэг зүйлс байгаагүй аж.
Эх сурвалж: Төв аймгийн Музей
Гэрэл зургийг: Г.Дагмидмаа 2015 он