Брент маркийн газрын тосны үнэ 76 ам.доллароос доошилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-09-04 10:14:16

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 4 /Bloomberg/. Брент маркийн газрын тосны үнэ наймдугаар сарын 21-ний өдрөөс хойш анх удаа 76 ам.доллароос доошилж буурлаа. 


Хятадын эдийн засагт үүссэн хүндрэл, ОПЕК+ бүлгийн орнуудаас зах зээлд их хэмжээний газрын тос нийлүүлэх төлөвтэй байгаа нь үнэ буурахад нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ.


Нью-Йоркийн ICE биржийн мягмар гаргийн арилжааны явцад Брент маркийн газрын тосны 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.64 хувиар буурч, нэг торх нь 75.470 ам.доллар болсон бол Nemex биржийн арилжаагаар WTI маркийн газрын тосны үнэ 1.86 хувиар буурч, нэг баррель нь 72.18 ам.доллар болов.


Шинжээчдийн үзэж байгаагаар, газрын тосны үнэ ийнхүү буурсан нь Хятадад эрэлт сул байгаатай холбоотой ажээ. Түүнчлэн дэлхийн зах зээлд Ливийн газрын тосны нийлүүлэлт буурсан нь зарим талаар нөлөөлжээ. Улс төрийн хямрал болон Эль-Фил гэдэг хамгийн том ордод давагдашгүй нөхцөл байдал үүссэний улмаас тус улсад газрын тосны олборлолт хоёр дахин буурсан байна. Гэхдээ энэ нь үнэ буурахад төдийлөн нөлөөлөөгүй юм. 


“Газрын тосны зах зээлд үүсээд буй болгоомжлол Хятадын эдийн засаг, газрын тосны эрэлт, мөн аравдугаар сараас эхлэн ОПЕК+ бүлгийн орнуудаас их хэмжээний урсгал орж ирэх төлөвтэй байгаагаас үүдэлтэй” гэж SEB AB группийн түүхий эдийн ахлах шинжээч Бьярне Шилдроп хэллээ. 


Үйлдвэрлэлийн идэвхжил цаашид буурч, үл хөдлөх хөрөнгийн хямрал гүнзгийрч байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулсаар байна. Энэ онд өсөөд байсан үнэ Хятад, АНУ-д үүссэн эдийн засгийн хүндрэл, ОПЕК+-ийн орнуудаас их хэмжээний газрын тос нийлүүлэх төлөвтэй байгаагаас шалтгаалан сүүлийн хоёр сард буурсныг шинжээчид онцолжээ. 


2024 оны нэгдүгээр сарын 2-нд Брент газрын тосны фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 74.55 ам.доллар байсан бол дөрөвдүгээр сарын 5-нд 86.38 ам.долларт хүрч өсөж байв. 



Холбоотой мэдээ