Дэлхийн нүүдэлчдийн наадам Астанад эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-09-09 12:01:51

АСТАНА, 2024 оны есдүгээр сарын 9 /Kazinform/. Дэлхийн нүүдэлчдийн V их наадам Казахстан улсын нийслэл Астана хотод ням гарагт эхэллээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус наадмыг Нүүдэлчдийн олимп хэмээн нэрлээд, нүүдэлчдийн соёл иргэншлийг дэлхийн түвшинд сурталчилж байгааг онцолсон байна.


Тэрбээр наадмыг нээж үг хэлэхдээ "Энэ бол Нүүдэлчдийн олимп гэж хэлж болохуйц үндэсний спортын төрлөөр зохион байгуулдаг дэлхийн хамгийн том тэмцээн юм. Энэхүү наадам нь нүүдлийн соёл иргэншлийг дэлхийн түвшинд сурталчилж байна" гэжээ.


Токаев мөн "нүүдэлчдийн наадам нь олон улсын эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн "10 жилийн өмнө энэхүү наадмыг анх удаа зохион байгуулсан Киргиз улсад талархаж байгаагаа илэрхийлжээ. Ингээд Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадмыг 2014 онд зохион байгуулсан Киргиз улсын баг тамирчид цэнгэлдэх хүрээлэнд  орж ирлээ. Энэ удаагийн наадамд 89 орны 2 мянга гаруй тамирчин спортын 21 төрлөөр хурд хүчээ сорино. 


Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, “Астана арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Киргизийн төрийн тэргүүн Садыр Жапаров, Туркменистан улсын Ардын зөвлөлийн дарга Гурбангулы Бердымухамедов, Татарстаны тэргүүн Рустам Минниханов, Якутын тэргүүн Айсен Николаев, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр нар хүндэт зочноор оролцсон байна.

Холбоотой мэдээ