Шатрын дэлхийн аваргын төлөөх тоглолтыг “Google” ивээн тэтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-09-12 17:58:04

ЛОЗАНН, 2024 оны есдүгээр сарын 12 /fide/. “Google” компани шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтын гол ивээн тэтгэгч боллоо гэж Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) хэвлэлийн алба мэдээлжээ. Аваргын титмийн төлөө Хятадын их мастер Дин Лижэн, Энэтхэгийн шатрын их мастер Доммараж Гукеш нар өрсөлдөх юм. 


"Энэхүү онцгой хамтын ажиллагаа нь шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани ивээн тэтгэж буй анхны тохиолдол болж байгаагийн сацуу энэхүү спортын цар хүрээ, нөлөөлөлд шинэ жишгийг тогтоож байна" гэж ФИДЕ-гийн мэдэгдэлд дурджээ.


“Google”-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн маркетинг хариуцсан захирал Саймон Кан мэдэгдэхдээ "энэ түүхэн үйл явдлыг ивээн тэтгэхээр болсондоо манай компани баяртай байна. Шатар бол хүний зохион бүтээх чадвар, технологийн чадавх хоёрын гүн гүнзгий огтлолцлын илэрхийлэл бөгөөд хиймэл оюун ухааны салбарын хувьд үргэлж туршилтын талбар болсоор ирсэн билээ" хэмээсэн байна. 


1994 онд компьютерын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Intel” компани “Intel Rapid Chess Grand Prix” цуврал тэмцээнийг ивээн тэтгэж байсан юм. Тухайн үед тоглолтуудыг шууд дамжуулснаар шатрын спорт шинэ түвшинд хүрчээ. 


Шатрын дэлхийн аваргын төлөөх тоглолт энэ оны 11 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Сингапурт болох бөгөөд шагналын сан нь 2.5 сая ам.доллар юм. 

Холбоотой мэдээ