ТӨВ: Жилд 110 сая литр сүү сааж зах зээлд нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-17 09:39:04

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань суманд 9 дүгээр сарын 15-ны өдөр "Сүүний баяр-2024" боллоо. 


Энэ баяр нь малчдын хөдөлмөрийн онцлог, арга барилыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, туршлага солилцох, сүү цагаан идээ боловсруулах соёлыг түгээх зорилготой юм.

 

Төв аймаг жилд 110 сая литр сүү сааж, зах зээлд нийлүүлж байна. Тус амжилтыг тэмдэглэж сүүний баярыг 2022 оноос зохион байгуулж, гурав дахь жилдээ ийнхүү тэмдэглэж байгаа юм. 


Тус өдөр ашиг шим ихтэй үнээ, шилдэг нутгийн цай, сайхан бяслаг, өрөм, элгэн тараг, ээзгий, сайхан цагаан идээ боловсруулсан сум, шилдэг сумдаа шалгарууллаа. Мөн саальчдын дунд дууны уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. 


"Сүүний баяр-2024" үйл ажиллагааны сүүн ашиг шим ихтэй үнээгээр тэргүүн байрыг хоёр удаагийн саалтаар 40 л сүүний гарцтай байсан Баяндэлгэр сумын фермер Э.Уянгын монбелиард үүлдрийн үнээ шалгарчээ.  


Шилдэг нутгийн цайгаар Аргалант сумын оролцогч А.Пүрэвдорж тэргүүлсэн юм. Уламжлалт цагаан идээ шалгаруулах номинацын хамгийн сайхан бяслаг хийсэн орцолцогчоор Батсүмбэр сумын иргэн Л.Отгонжаргал тэргүүлж, хамгийн сайхан загсаасан өрөм хийсэн оролцогчоор Лүн сумын иргэн Ц.Учрал тэргүүлэв.


Хамгийн сайхан элгэн тараг хийсэн оролцогчоор Баянчандмань сумын иргэн Ж.Цэрмаа шалгарч, хамгийн сайхан ширгээсэн ээзгий хийсэн оролцогчоор Архуст сумын иргэн Х.Роза тус тус шалгарлаа.


Хамгийн сайхан цагаан идээ боловсруулсан сумаар Борнуур сумын хамт олон тэргүүлж, Шилдэг сумаар Баянчандмань сум шалгарсан байна.


Аймгийн хэмжээнд 2023 онд 139 мянган толгой хээлтэгч үнээ, сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн тоо 16.2 мянга, эрчимжсэн үхрийн аж ахуй эрхлэгч 1008 өрх бий болжээ.

 

Холбоотой мэдээ