ОУОХ-ны тэргүүний албанд долоон хүн нэрээ дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-09-17 10:57:56

ЛОЗАНН, 2024 оны есдүгээр сарын 17 /AFP/. Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бахын халааг авахаар өрсөлдөнө гэдгээ долоон нэр дэвшигч даваа гарагт мэдэгдлээ.


Тэдний дундаас хамгийн нэр хүндтэй нь Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу юм. Гэхдээ тэрбээр ОУОХ-ны анхны африк эмэгтэй тэргүүн болохоор нэр дэвшиж буй Кирсти Ковентри, Олон улсын дугуйчдын холбооны тэргүүн Дэвид Лаппартиент гэсэн ширүүн өрсөлдөгч нартай өрсөлдөх юм.


ОУОХ-ны дараагийн тэргүүнийг тодруулах сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Грекийн нийслэл Афин хотноо болох ОУОХ-ны чуулганы үеэр болно.


Өдгөө 70 настай Т.Бах уг албыг 12 жил хашсаныхаа дараа огцрох гэж буй юм. Германы иргэн тэрбээр Парисын Олимпын наадмын хаалтын үеэр дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн билээ.


Бусад нэр дэвшигчийн дунд ОУОХ-ны тэргүүн тодорч байгаагүй тив болох Азиас хоёр хүн байгаа нь Йорданы хунтайж Фейсал аль-Хуссейн, Олон улсын гимнастикийн холбооны тэргүүн Моринари Ватанабе нар юм.


Мөн 1980-2001 онд ОУОХ-ны тэргүүнээр ажиллаж, тус байгууллагыг арилжааны хүчирхэг төв болгон хувиргасан Хуан Антонио Самаранчийн хүү бага Хуан Антонио Самаранч, Цанын холбооны тэргүүн Йохан Элиаш нар өрсөлдөж байна. 


Эдгээр долоон нэр дэвшигч 2025 оны нэгдүгээр сард Швейцарын Лозанн хотноо болох хурлын үеэр ОУОХ-ны гишүүдэд тус тусын хөтөлбөрөө танилцуулах ажээ.

Холбоотой мэдээ