“Амьдрахуй” драмын жүжиг үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-24 12:04:14

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Орфей” театрын ээлжит уран бүтээл болох “Амьдрахуй” драмын жүжиг ирэх сарын 1-нээс Соёлын төв өргөөний тайзнаа олны хүртээл болох гэж байна.


Орчин цагийн Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” номоос сэдэвлэсэн энэхүү жүжгийн найруулагчаар М.Батболд, продюсераар Т.Ариунчимэг ажиллах юм. Харин жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч М.Батбаяр ажиллажээ. Тэрбээр Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ.


Жүжигт гавьяат жүжигчин Д.Баттөмөр, Д.Ганцэцэг, залуу жүжигчин Г.Отгонбат, Б.Должинсүрэн, ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Б.Нармандах, мөн М.Мөнхбат, Б.Оюунбаатар, Б.Одгэрэл, Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхтөмөр, Ц.Төгсбилэгт нарын шилдгүүд тоглох юм.


Энгийн болоод жаргалтай амьдрал үргэлжид зөв үйлдлээр хязгаарлагддаг уу. Хүний оршихуйн үр үндэс, гол мөн чанар нь юу вэ. Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэх санаа “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрд агуулсан байдаг.


Тэгвэл драмын жүжгийнхээ онцлогийн талаар "Орфей" театрын найруулагч М.Батболд "Анх удаа би Дорнын философи, утга зохиолыг театрт амилуулах гэж хичээж байгаа нь нэг онцлог. Хоёрдугаарт, хүнд үйлчлэх үйлчилгээгээрээ энэ жүжиг хүний дотоод ертөнцдөө зовлон гэж мэдэрч байгаагаа зовлон биш гэж мэдрэх, зовлонтой мэдэрч байгаагаа сэтгэл засал болгон гаргаж тайлах буюу нэг талаараа нийгмийн сэтгэл засал. Энэ бол хүнд сэтгэл заслын үйлчилгээ театраар дамжин өгч байгаа том эргэлт гэж би хувьдаа дүгнэж байгаа" хэмээсэн юм.


Холбоотой мэдээ