СҮХБААТАР: Уран сийлбэрч Хасын Монхоорой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны
есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Цэцэн
хан аймгийн Эрх гүн, Хардал жанжин бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум нь уран дархчууд, сийлбэрч, ерөөлч магтаалч олонтой нутаг юм. Тэдний нэг уран сийлбэрч Хасын
Монхоорой малчин, мужаан, сийлбэрчин, худгийн моторчин, тоо бүртгэгч зэрэг олон ажлыг хийж явжээ.
Тэрбээр нүүдэлчин монголын соёлын их өв уламжлалыг өөрийн сийлбэр бүтээлээрээ монголдоо төдийгүй гадаад оронд сурталчлан таниулж, музейн сан хөмрөгийг баяжуулсан дахин давтагдашгүй авьяастай сийлбэрч хүн байсан байна.
Х.Монхоорой 1963 онд нэг ч төмөр оруулалгүйгээр эд ангийг нь ердийн модоор зорж хийсэн модон оёдлын машиныг урласан. Энэ оёдлын машин нь орос оёдлын машинтай харьцуулахад алхам холтой оёдог. Энэхүү модон машин одоо аймгийн Угсаатны зүйн музейн голлох үзвэрийн нэг болж олны сонирхлыг татсаар байгаа юм. “Модоор машин хийж болох үгүйг л үзэх гэсэн юм” гэж тэрбээр хуучилдаг байжээ.
Аймгийн соёл урлагийн арав хоногийн бэлтгэл ажил ид өрнөсөн 1965
оны хоёрдугаар сард Х.Монхоорой гуайг сумаас нь дуудан аймгийн төвд ирүүлж түмний нүд хужирлах бүтээл, хүний гар дээр тавих бэлэг сэлтээс аваад олон зүйлийг хийлгэсэн байна. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдан олны хүртээл болж байгаа “Чоно авлагч”, “Адуучин”, “Чоно хөөж буй буур”,”Худаг гаргагч”, “Азарганы ноцолдоон”,
"Зээрийн сүрэг",
"Буга согоо" зэрэг хөдөөгийн аж амьдралыг илтгэн харуулсан модон сийлбэрүүдээ тэр үед л бүтээсэн байна.
Х.Монхоорой 1933
онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Баруун зээрд гэдэг газарт төрж, 2008
онд нас баржээ.