СҮХБААТАР: Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-26 16:44:46

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуульд дөрвөн нам эвслийн 65 нэр дэвшигч өрсөлдөнө.



Тодруулбал, АН 29, МАН 29, ХҮН 4, Иргэний хөдөлгөөний нам 3 нэр дэвшигч сонгуульд оролцох бөгөөд аймгийн хэмжээнд 100 хэсгийн хороо ажиллана. Намын дарга нар хэлэхдээ:


АН-ын дарга М.Идэрбат, Нийт нэр дэвшигчийн 50 хувь нь өмнө нь нэр дэвшиж, төлөөлөгчөөр ажиллаж байсан учир төрийн албаны ур чадвар, мэдлэг, туршлагатай хүмүүс. Үлдсэн 50 хувь нь намынхаа шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, ид хийж бүтээх ирмүүн хүсэл эрмэлзэлтэй байгаа залуусаа нэр дэвшүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд бид амласнаа хийж чаддаг гэдгээ харуулсан. Дэд бүтцийн томоохон ажлуудын хажуугаар хувь хүний хөгжилд илүү анхаарч, хөрөнгө оруулалтыг ч маш сайн хийж ирсэн. Хүн амын дундаж наслалт дээшилсэн, боловсролын салбарын үр дүнтэй хөрөнгө оруулалтын үр дүнд Сүхбаатар аймаг ЭЕШ-ын дүнгээр сүүлийн хоёр жилд эхний байруудад шалгарсан зэрэг наад захын жишээг дурдахад таатай байна. Дэд бүтцийн тухайд Баруун-Урт суманд нийт 21 км авто зам, 23 км явган хүний замыг тавьсан байна. Бүх гэр хорооллоо бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, аюулгүй байдлыг хангах үүднээс бүрэн камержуулалтын Ногоон бүс төслийг амжилттай хэрэгжүүлж, цаашид сумдад хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дөрвөн сум инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдох, гурван сумын төв засмал замтай болох гэх мэт дэд бүтцийн томоохон ажлууд хийсэн, зарим нь хийгдэж байна. Сүхбаатар аймгийн хөгжлийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Харин цаашид үүнийгээ үргэлжлүүлж, эхлүүлсэн ажлаа бүрэн дуусгахын тулд “Таны сонголт Тогтвортой хөгжил” уриан дор бид намын бодлого, мөрийн хөтөлбөрөө илгээж байна.


МАН-ын дарга Д.Амарбат, Сүхбаатар аймгийн МАН-ын хороо 800 гаруй гишүүдийнхээ дундаас салбар салбарын төлөөлөл болсон мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлагатай 29 нэр дэвшигчээ шалгаруулж энэ удаагийн сонгуульд дэвшүүлж байна. Тэд улс төрд нэр цэвэр, сэтгэл цэвэр нас насны хүмүүс байгаа. Ялангуяа ихэнх нь шинэ, залуу нэр дэвшигчид гэдгээрээ онцлог. Бид Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажлуудтай уялдуулан мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Энэ бол иргэдийн өнөөдөр, маргаашийн хүсэл тэмүүллийн илэрхийлэл дээр, мөн төрийн болон хувийн хэвшлийнхний үзэл санааг шингээсэн мөрийн хөтөлбөр болсон гэж бид үзэж байгаа хэмээв.


Ийнхүү аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Аравдугаар сарын 9 хүртэл сурталчилгаа үргэлжилж, 10 дугаар сарын 11-ний өдөр ирэх дөрвөн жилд Сүхбаатар аймгийн хөгжлийг тодорхойлох засаглалын баг тодрох юм.  

Холбоотой мэдээ