К.Алькарас Бээжингийн тэмцээнд түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын
3. /ТАСС/. Бээжин хотноо болсон Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ ээлжит тэмцээний
финалын тоглолтод Испанийн теннисчин Карлос Алькарас Италийн тамирчин Янник Синнерийг
хожсоноор аваргын цомыг хүртлээ.
Энэ удаагийн тэмцээнд чансааны хоёр
номероор оролцсон Алькарас, дэлхийн чансааг тэргүүлэгч Синнер хоёрын тоглолт 3 цаг 22 минутын турш үргэлжилж, 6:7
(6:8), 6:4, 7:6 (7:3) харьцаагаар өндөрлөсөн байна.
Өдгөө 21 настай Алькарас дэлхийн
чансааны 3 дугаарт бичигдэж байгаа бөгөөд Бээжинд ялалт байгуулснаар ATP
холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд 16 дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр Уимблдоны
тэмцээнд /2023, 2024/ хоёр удаа түрүүлснээс гадна Францын АШТ /2024/, АНУ-ын
Нээлттэй тэмцээнд /2022/ аваргалж байсан юм. Мөн Парисын Олимпоос мөнгөн медаль
хүртсэн билээ.
Харин түүний өрсөлдөгч 23 настай Я.Синнер
ATP-гийн чансааг тэргүүлж байгаа бөгөөд тус холбооны ивээл дор болдог
тэмцээнүүдэд 16 удаа түрүүлээд байна. Энэ онд тэрбээр Австралийн болон
АНУ-ын Нээлттэй тэмцээнүүдэд түрүүлсэн бол 2023 онд Дэвисийн цомын эзэн болсон
юм.
ATP 500 ангилалд багтдаг энэ удаагийн
Бээжингийн тэмцээний шагналын сан нь 3,7 сая ам.доллар байжээ. Өмнөх тэмцээнд
Я.Синнер Оросын теннисчин Даниил Медведевийг финалд хожиж түрүүлсэн юм.