Ирэх оны төлөвлөгөөний төсөлд туссан 314 төслийг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-03 16:03:43

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

 

Төслийн талаар нэгдсэн хуралдаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. Төслийг хуулийн хугацаанд нь холбогдох баримт бичигт нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлсэн гэдгийг тэрбээр дурдаад “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Монголд зочлох жил”, “Залуучуудын жил”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлогын төсөл, арга хэмжээг тусгасан гэлээ.

 

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай  хөгжлийн төлөөх зориг” гэрээг удирдлага болгон Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Эдийн засгийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр төсөлд тусгасан байна. Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засагт төрийн оролцоог бууруулах, салбаруудад бодлогын цогц реформ хийх ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх реформыг ирэх онд үргэлжлүүлэхийн зэрэгцээ олон улсын нэр хүнд бүхий банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хүүг бууруулах, зээл хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан. Эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарт бодлогын цогц шинэчлэл, реформ хийж, бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бол уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлүүдийг ил тод болгож, биржээр арилжаалдаг уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, ил тод тогтолцоог бэхжүүлэх зорилт тавьсан байна.

 

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн баялаг, нөөц, байршлын давуу талд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, бүс бүрд ач холбогдолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна гэлээ. Бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ. Орон нутгийн төвлөрлийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшиж буй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотыг “20 минутын хот” буюу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг зохистой түвшинд хүргэх бодлогын баримт бичгийг боловсруулж, түүнд суурилсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон бусад хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар төсөлд тусгажээ. Дагуул хотуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх юм байна. Мөн шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжин төвлөрлийг сааруулна. Улсын зэрэглэлтэй хотын дэд бүтцийг эрчимжүүлж, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Л.Гантөмөр сайд танилцуулав.

 

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд иргэн бүр нийгмийн суурь үйлчилгээнд тэгш хамрагдах, орлого олох, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн бодлогыг хэрэгжүүлэх бол хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд төрийн албаны реформыг хэрэгжүүлж, үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэн, чадварлаг, ухаалаг төрийн албаны тогтолцоог төлөвшүүлнэ. Төрийн үйлчилгээний цахимжилт, процессын дахин инженерчлэлийг үргэлжлүүлж, шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгох юм байна. Бодлогын тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд төлөвлөсөн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр улсын эдийн засаг 2025 онд 8 хувиар өсөж, экспорт 19.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, инфляц зорилтот түвшинд хадгалагдана хэмээн тооцжээ.


Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд нийт 314 төсөл, арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5.2 их наяд, гадаадын зээл тусламжаар 4.2 их наяд, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд, төр хувийн хэвшлийн түншлэлээр 4.1 их наяд, бусад эх үүсвэрээр 1.5 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Ийнхүү “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийн явцад чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 

Холбоотой мэдээ