Сонгуулиас өмнө эдийн засгийн арга хэмжээнүүдийг боловсруулахыг Ш.Ишиба даалгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-04 12:30:37

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 4 /Kyodo/. Үнийн өсөлтөд өртөж буй өрхүүдийг дэмжих, бүс нутгийн эдийн засгийг сэргээхэд чиглэсэн тусламжийн багц арга хэмжээг 10 дугаар сарын 27-нд болох ээлжит бус сонгуулийн өмнө боловсруулж дуусгахыг Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр сайд нарт үүрэг болгожээ.


Засгийн газар Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн дараа нэн даруй эдийн засгийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхийн тулд 2024 оны санхүүгийн жилийн нэмэлт төсвийн төслийг боловсруулахаар төлөвлөж байна гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.


Ш.Ишиба бага орлоготой өрхүүдэд бэлэн мөнгө тараах, жижиг компаниудад татаас олгох зэргээр үнийн өсөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлсэн өмнөх Ерөнхий сайд Ф.Кишидагийн дэвшүүлсэн эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлэхээ амласан юм.


Сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 15-нд албан ёсоор эхлэх тул шинэ Ерөнхий сайдын эл алхам нь сонгуулийн өмнө эрх баригч Либералрдчилсан намын нэр хүндийг өсгөх зорилготой гэж улс төрийн шинжээчид үзэж байна.


2016 он хүртэл жил орчмын хугацаанд Японы бүс нутгийн сэргээн босголтын анхны сайдаар ажилласан Ш.Ишиба улс орны тогтвортой өсөлтийг хангахын тулд Токио дахь эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх шаардлагатайг онцолсоор иржээ.


Япон улс газар хөдлөлт, хар салхи зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд байнга нэрвэгддэг тул байгалийн гамшгийг тэсвэрлэх чадварыг дээшлүүлэхийн тулд төсвөөс илүү хэмжээний зардал гаргаж, асуудлыг шийдвэрлэх тусгай агентлаг, яам байгуулна гэж тэрбээр амласан байна.


Баасан гарагт Ё.Хаяши хэлэхдээ, шинэ оны эхний өдөр хүчтэй газар хөдлөлт болж, өнгөрсөн сард ширүүн бороо орсон Ишикава мужийн Ното хойгт тусламж үзүүлэхийн тулд Засгийн газар энэ санхүүгийн жилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулна гэсэн байна.

 


Холбоотой мэдээ