Аяллын клубийн сурагчид орон нутгаа англи хэлээр танилцуулахыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2024-10-04 12:43:45

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4. /МОНЦАМЭ/. Багш нарын баярын өдрийн мэндчилгээг эх орны өнцөг булан бүрд суралцаж буй ЕБС-ийн сурагчид энэ өдөр дэвшүүлж, “Багш нартаа баярлалаа” хэмээн цахимаар дамжуулан хэлж байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал сумын дунд сургуулийн сурагчид аялал жуулчлалын “Ирээдүйн хөтөч” клубийн үйл ажиллагаагаа багш нартаа тайлагнан Багш нарын баярын өдрийг угтаж байна.



Дээрх клубийн хүүхдүүд аймаг, орон нутаг, сумынхаа түүхийг Дадал суманд ирсэн гадаад, дотоодын жуулчин, аялагч нарт англи хэлээр танилцуулж тайлбарладаг болохыг зорьжээ. Клубт 5-9 дүгээр ангийн сурагчид хамрагддаг байна. Тэд сум орон нутгийнхаа үүх түүхийг мэдэх, бусдад тайлбарлан таниулахаас гадна өөрийгөө нээх, санаа бодлоо илэрхийлж, өөрийгөө хөгжүүлэх чадвар суудаг байна.


Клубийн сурагчид өөрсдийнхөө угсаа гарлын 4-9 үеэ нэрлэдэг байна. Тэд Онон Балжийн байгалийн цогцолборт газар, Дэлхийн байгаль хамгаалах сангаас өгсөн тайлбар мэдээллийг үндэслэн түүхэн болон домог, газар зүйн талаас нь тайлбарладаг. Аялал жуулчлалын улирлаар дотоод гадаадын жуулчдад тайлбар танилцуулга хийдэг гэж Дадал сумын дунд сургуулийн англи хэлний багш М.Золзаяа хэлж байна.


Сурагч хүүхдүүд “Ирээдүйн хөтөч” клубээ 2021 онд байгуулж нийт 44 хүүхэд хөтөч тайлбарлагч болон бэлтгэгдсэн талаар клубийн гишүүн сурагч Д.Ариунгуа хэлж, Дэлүүн болдог овооны түүхийг танилцууллаа.

Холбоотой мэдээ