СЭЛЭНГЭ: Д.Оюунчимэг: Бид мэдээгээ утсаар авч, тооны машинаар нэгтгэдэг байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-08 09:39:01

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн ахмад статистикч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

 

-Танд Статистикийн байгууллагын 100 жилийн ойн мэндийг хүргэе. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би 1977 онд МУИС-ийг статистик, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэгээд Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны /Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа/ статистикийн товчоонд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж байлаа.

 

Ингээд 1977-1980 онд мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн, 1980-1987 онд ахлах мэргэжилтэн, 1988-1992 онд хэлтсийн даргаар тус тус ажилласан.

 

Намайг анх ажилд орох үед манай товчооны дарга Ц.Лхагвасүрэн, ахлах мэргэжилтэн Ж.Нарантуяа гээд 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа. Мөн Ерөө, Орхон суманд өрхийн төсвийн судалгаа гаргадаг орон тооны бус 2 хүн ажилладаг байсан.

 

-Тухайн үеийн тань ажлын онцлог ямар байв. Одоотой харьцуулшгүй л байсан байх даа?

-Бидний үед мэдээгээ анхан шатны нэгжүүдээс утсаар авч, тооны машинаар нэгтгээд Статистикийн төв газар руугаа утсаар мэдээлдэг байсан. Тэр үед чинь гар утас гэж хөгжөөгүй, мэддэггүй ч байлаа. Холбоогоор дамжуулан хүмүүс хот, хөдөө рүү ярьдаг, байгууллагууд суурин утастай байдаг байв.

 

Мөн тэр нэгтгэсэн нэгтгэлээ бичгийн машинд хортой цаас хийн 5 хувь машиндаж гаргаад аймгийн удирдлагуудад танилцуулдаг байлаа.

 

Хүн амын тооллогын материалыг нэгтгэж, улсад тушаах ажлуудыг бүгдийг нь гараар хийдэг байсан. Энэ ажилд нийт 45 хоногийн хугацаа зарцуулдаг байв.

 

-Таныг ажиллаж байх үед статистикийн байгууллагад гар ажиллагааг хөнгөвчлөх үүднээс тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж байв уу?

-Манай Сэлэнгэ аймагт 1987 оны үед  “Мира -100 жил” гэж тооцооны машин ирсэн. Тухайн үедээ нэг жижиг өрөөг бүхэлд нь эзэлж, инженерээр нь д.Довдонсамбуу гэдэг хүн ажиллаж байлаа. Мөн энэ үед анхны компьютер ирж мал тооллогын материалыг боловсруулж эхэлсэн. Энэ нь техникийн дэвшлийн эхлэл болж байжээ.

 

Тэр үед ажиллаж байсан хүмүүс бүгд өндөр настны тэтгэвэрт гарч гавьяаныхаа амралтыг эдэлж байна.

 

Одоо ажиллаж байгаа Статистикийн хэлтсийн хамт олон болон үе үеийн ахмад статистикчид, сумдын ажилтнуудад статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Холбоотой мэдээ