АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-10-09 17:31:40

ВЬЕНТЬЯН, 2024 оны аравдугаар сарын 9 /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу  АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчдын 44, 45 дугаар дээд хэмжээний уулзалт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо өнөө өглөө эхэллээ. 


Энэ удаагийн уулзалтаар удирдагчид Ази, Номхон далайн бүс нутаг дахь АСЕАН-ы гол үүргийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит уулзалтыг нээж үг хэлэхдээ, Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн асуудалд анхаарал хандуулж, АСЕАН-ы гишүүн орнуудын эдийн засгийг өсгөснөөр бүс нутгийн тус эвсэл 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болно гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр бүс нутгийн төдийгүй олон улсын харилцааны оролцогчийн хувьд АСЕАН нь Ази, Номхон далайн бүс нутагт голлох үүргийг гүйцэтгэдэг хэмээн онцолжээ. 


Удирдагчид мөн 2015 онд баталсан “Алсын хараа-2025” хөгжлийн бодлогын хэрэгжилтэд гарсан ахиц дэвшил, илүү нэгдмэл, тогтвортой хамтын нийгэмлэгийг бий болгоход чиглэсэн Лаос улсын дэвшүүлсэн есөн тэргүүлэх чиглэл, геополитикийн өөрчлөлтийн нөхцөлд тулгарч буй сорилтуудад үр дүнтэй, цаг тухайд нь хариу арга хэмжээ авах АСЕАН-ы чадавхыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ гэж дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хороо мэдээлсэн байна.


Уулзалтын төгсгөлд АСЕАН-ы хамтын нийгэмлэгийн алсын харааг 2045 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах тухай Удирдагчдын тунхаглал, Энэтхэг-Номхон далайн бүсийн ирээдүйн талаарх удирдагчдын үзэл баримтлалын тунхаглал, мөн Мьянмарын дотоод улс төрийн хямралыг шийдвэрлэх тухай баримт бичгийг батлах юм.


10 дугаар сарын 11-ний баасан гараг хүртэл үргэлжлэх уг уулзалтын үеэр мөн АСЕАН ба түүний түнш орнууд болох Энэтхэг, Австрали, Япон, АНУ, Өмнөд Солонгос, Хятадын удирдагчдын уулзалтыг зохион байгуулна. Түүнчлэн АСЕАН+3 буюу АСЕАН ба Хятад, Япон, Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт (EAS) болно. 


Зүүн Өмнөд Азийн Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин гэсэн 10 улсыг эгнээндээ нэгтгэдэг АСЕАН-ыг 1967 онд байгуулжээ.

Холбоотой мэдээ