Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-11 06:57:19

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор 7:00 цагт эхэллээ.


Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогч юм. Улсын хэмжээнд 18.033 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлт гаргасан бөгөөд өчигдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд баталсан хуваарийн дагуу 7500 чиглэлд гарч ажиллалаа.


Сонгуулийн ерөнхий хорооны 199 дүгээр тогтоолоор тус сонгуульд ашиглах саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал”, “Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэсэн хоёр хэсэгтэй байх юм. Сонгогч өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэж будна. Мандатын тооноос илүү тэмдэглэгээ хийсэн бол тус саналыг хүчингүйд тооцох аж.


Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмж байршуулаад буй. Тодруулбал, 1500-аас дээш хүн амтай хэсгийн хороодод тус бүр хоёрыг, 1500-гаас цөөн хүн амтай бол хэсгийн хороодод нэг санал тоолох төхөөрөмжийг ашиглах юм.


Энэ удаагийн сонгуулийн 2395 тойрогт 10 нам, нэг эвслээс 17010, бие даагч 268 нийт 17278 нэр дэвшигч 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Нэр дэвшигчдийн 5582 буюу 32.3 хувь нь эмэгтэй, 11696 буюу 67.7 хувь нь эрэгтэй бөгөөд насны хувьд 31-50 насныхан зонхилж байна. Санал авах, тоолох үйл ажиллагааг улсын хэмжээнд 17.800 ажиглагч хөндлөнгийн хяналт тавин ажиллана.


Шат шатны сонгуулийн хороо, хэсгийн хорооны 20601 гишүүн, мэдээллийн технологийн 169 багийн 2683 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2337 ажилтан, нийт 25621 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч болон цагдаа, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ханган ажиллах юм.


Санал хураалт оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Хэрэв тухайн ажилтан, албан хаагчийг саналаа өгөх боломжоор хангаагүй тохиолдолд тухайн ажил олгогчийг Зөрчлийн хуулиар торгууль ногдуулахаар хуульчилсан юм.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль нь Монгол Улсын иргэд тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм. Тиймээс өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон ба Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.


 

Холбоотой мэдээ