Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх саналаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-14 17:41:58

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах асуудал эрхэлсэн дэд сайд Ариел Непомусенотой албан уулзалт хийлээ.


Энэ үеэр Монгол, Филиппин Улс дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ой тохиосныг онцлоод, хоёр улсын найрсаг, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад талархал илэрхийлэв. Гамшгийн эрсдэлийг багасгах Ази, Номхон далайн бүс нутгуудын сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулж, бүс нутагтаа манлайлж байгааг харуулж байгааг тэмдэглэлээ.


Мөн хоёр орны Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улмаар үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг багасгах, чадавхыг бэхжүүлэх, гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах саналтай байгаагаа уламжилжээ.


Филиппин Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санаачилга, төслүүдийг дэмжих, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгоход үр бүтээлтэй ажилласаар ирсэн туршлагатай аж. 

Холбоотой мэдээ