“Цайны их зам”-ын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-10-29 16:51:47

УЛААН-ҮД, 2024 оны аравдугаар сарын 29 /TASS/. ОХУ-ын Буриад улс, Монгол Улсын эрх баригчид “Цайны их зам”-ын дагуух аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо. 


Буриадын тэргүүн Алексей Цыденов, Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Адъяасүрэнгийн Даваажаргал нар Улаан-Үд хотноо болсон Орос, Хятад, Монгол гурван улсын аялал жуулчлалын газрын дарга нарын VIII уулзалтын үеэр эл асуудлыг хэлэлцэн тохиролцсон байна. 


“Манай гурван улсын төрийн тэргүүн нар Ташкент хотноо уулзаж, “Цайны их зам”-ын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх эхлэлийг тавьсан билээ. Та бүхэнд ажлын хэсэг байгуулах саналыг тавьж байгаа бөгөөд ажлын хэсгийг удирдах үүрэг хариуцлагыг өөртөө хүлээж байна. Энэ ажилд анхаарал хандуулж, Буриадын төлөөлөгчдийг томилохыг та бүхнээс хүсэж байна. “Цайны их зам” аялал жуулчлалын маршрутын төсөл хэрэгжиж эхэлснээр бусад чиглэлд хамтарсан ажил эхлэх болно” гэж Монголын төлөөлөгч хэлжээ. 


Буриадын тэргүүн уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус Бүгд найрамдах улсыг төлөөлөн Засгийн газрын орлогч дарга Иван Алхеев багтана гэдгийг онцолжээ.


“Цайны их зам”-ын дагуух аялал жуулчлалын маршрутыг тогтоох ажил дуусах шатандаа орж байгаа юм. Замын-Үд-Алтанбулаг чиглэлийн замд аялагчдад ая тухтай амрах бүсийг нээхээр төлөвлөжээ. Мөн Орос-Монголын хилийн Буриадын Хиагтын шалган нэвтрүүлэх боомт 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд хоёр талын Монд-Ханхын шалган нэвтрүүлэх боомтыг Орос, Монголын хэлэлцээрийн дагуу шинэчилсний дараа үйл ажиллагааг нь олон талт хэлбэрт шилжүүлэх бөгөөд  Монголтой хил залгаа Буриадын Түнхэн аймгаар Орос, Монголын иргэд төдийгүй гуравдагч орны иргэд хилээр нэвтрэх боломжтой болох юм. Ингэснээр Улаан-Үд-Хөвсгөл нуур-Эрхүү чиглэлд аялал жуулчлал хөгжинө. 


Энэ оны эхний зургаан сарын байдлаар Монголоос Буриадад 2023 оны мөн үеийнхээс 40 хувиар олон жуулчид ирсэн бол Монгол руу  200 мянга гаруй оросууд очсоны 80 хувь нь Улаан-Үд, Хиагтаар дамжин нэвтэрчээ.


Орос, Хятад, Монгол улсууд XVIII зуунд Хятадаас Монгол, Сибирь, Уралаар, Волга мужаар дамжуулан Москва, Санкт-Петербург руу цай экспортлох зорилгоор бий болгосон худалдааны зам буюу "Цайны их зам"-ын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээрийг өмнө нь байгуулсан юм. Орос-Монголын хил дээрх Хиагт хот бол "Цайны их зам" дээрх "Ази руу чиглэсэн" гарц бөгөөд энэ хотод Оросын худалдааны замын хэсэг эхэлсэн юм.



Холбоотой мэдээ