Европт хүлэмжийн хийн ялгарал 8 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-11-01 17:34:46

БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /AFP/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд дахь хүлэмжийн хийн ялгарал 2023 онд 8 хувиар буурсан нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь хамгийн ихээр багассан үзүүлэлт болсныг пүрэв гарагт танилцуулсан шинэ тайлан мэдээлэл харуулжээ. Гэхдээ тус холбоо уур амьсгалын амбицтай зорилтдоо хүрэхийн тулд цаг хугацаатай уралдан ажилласаар байна.


Европын Байгаль орчны асуудал эрхэлсэн агентлаг /EEA/ хүлэмжийн хийн ялгарал буурсныг гишүүн 27 улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. ЕХ нь уг хийн ялгарлын хэмжээгээр Энэтхэг, Хятад, АНУ-ын дараа дэлхийд дөрөвдүгээрт ордог.


“Хүлэмжийн хийн ялгарал буурсан нь нүүрсний хэрэглээ мэдэгдэхүйц буурч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ өссөнөөс гадна Европ даяар эрчим хүчний хэрэглээ буурсантай холбоотой гэж EEA-ийн мэдэгдэлд дурджээ. Европын Комисс үүнийг тайлбарлахдаа "Covid-19 цар тахлын нөлөөгөөр хүлэмжийн хийн ялгарал 9.8 хувиар буурсан 2020 оныг эс тооцвол сүүлийн хэдэн арван жилд бүртгэгдээгүй хамгийн их бууралт" гэж тодорхойлсон байна.


Нүүрсхүчлийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх ЕХ-ны зорилтыг хэрэгжүүлэх үйл явцыг удирдан чиглүүлж буй тус комисс “2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг дор хаяж 55 хувиар бууруулах амлалтад хүрэх боломж харагдаж байна” гэж мэдэгджээ. 2023 онд сэргээгдэх эрчим хүч нь ЕХ-ны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 44.7 хувийг (2022 онд 41.2 хувь байсан) бүрдүүлснээр тэргүүлэгч эх үүсвэр болсон бол олборлодог түлш 32.5 хувь, цөмийн эрчим хүч 22.8 хувиар удаалсан байна.  

 


Холбоотой мэдээ