У.Хүрэлсүх: Монголын их амар амгалан нь хүн төрөлхтний энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт үзэл санааг агуулдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэн.
Ерөнхийлөгч энэ үеэр хэлэхдээ,
Их Монгол Улсын гал голомтыг
сахин суугаа манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Дэлхий даяар тархан суугаа элэг
нэгт монгол ах дүүс ээ,
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн
бичгийн дарга, эрхэм хүндэт Бан Ги Мүн болон эрхэм хүндэт зочид оо,
Та бүхэн дэлхийн Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг өргөн дэвшүүлье. Их эзэн Чингис хаан бол Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын баталгаа, Монгол үндэстний үнэт зүйл, эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний эрт эдүгээ ирээдүй гурван цагийн алтан хэлхээ, оюун санааны ундарга, төр ёсны ой санамж юм. Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш юм. Энэ бол дэлхий ертөнцийн түүх юм.
Эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид, Евроазийн өргөн уудам нутагт сүр хүчээ мандуулан хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулж, Ази Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эв эеийг бэхжүүлж оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм, хөгжин дэвжих таатай нөхцөл бүрдүүлж чадсан бахдам сайхан гавьяатай хаан юм.
Их хааны суу алдар, билиг сургаал, үйл хэрэг, дэлхий дахины хөгжил дэвшилд онцгой байр суурь эзэлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурсагдаж, өнөө цагийн дэлхий ертөнцийг үндэслэхэд үнэлж баршгүй түүхэн хувь нэмэр оруулсныг дэлхий ертөнц мэдэж байгаа.
Монголын
их амар амгалан нь хүн төрөлхтний энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх улс
орнуудын хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг
агуулж байсан хэмээн орчин цагийн эрдэмтэн судлаачид, түүхчид үнэлж цэгнэдэг
боллоо. Тиймээс хүн төрөлхтний эв нэгдэл, хөгжил дэвшил, даян дэлхийн энх
тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан
таниулах, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,
нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндөөр
үнэлж, дотоод гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн, иргэдэд төрийн дээд шагнал “Чингис
хаан” тэргүүн зэргийн одонг Ерөнхийлөгч зарлиг гаргаж соёрхдог болохыг
онцоллоо.
Ерөнхийлөгч Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг уг шагналаар шагнаж байгаагаа хэлэв.
Тэрбээр, Бан Ги Мүн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, олон талын дэмжлэг үзүүлж байсныг онцолсон юм.
Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар 2009 онд Монгол Улсад айлчлахдаа даян дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд монгол цэргүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйд НҮБ талархаж байдгийг сайшаан тэмдэглэж байсныг тодотгов. Энэ айлчлалынхаа үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулж буй Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсныг дурдлаа. Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г өргөтгөн, УИХ, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийллээ.
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх цаашдын ажилд нь амжилт хүсэж, эрхэм хүндэт зочин болон гэр бүл, Солонгосын ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.