Израилын Батлан хамгаалахын сайдыг огцруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕЛЬ-АВИВ, 2024 арваннэгдүгээр сарын 6 /BBC/. Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху албан тушаалаас нь огцруулжээ. Түүнийг огцруулах болсон шалтгааныг тэдний хооронд "итгэлцлийн хямрал" үүссэн гэж Ерөнхий сайдын ажлын алба мэдэгдсэн байна.
Хэт барууны үзэлтнүүд олонх болж буй тус улсын одоогийн засгийн газрын гишүүдийн дотроос аядуу үзэлт гэгддэг Галантын оронд өмнө нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Исраэль Кацыг томилжээ.
Галлант өөрийг нь огцруулсантай холбогдуулан мэдэгдэхдээ “Израил улсын аюулгүй байдлыг хангах нь миний амьдралын зорилго байсан бөгөөд байсаар ч байх болно” гэжээ.
Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тухай мэдээ цацагдсаны дараа Тель-Авив болон бусад томоохон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Дургүйцлээ илүү өргөн хүрээнд илэрхийлж, томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулахыг сөрөг хүчний удирдагчид уриалсан байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Газын зурваст дайн эхлэхээс зургаан сарын өмнө Нетаньяху улс төрийн ноцтой зөрчилдөөний улмаас Галантыг албан тушаалаас нь огцруулж байсан юм. Гэвч түүнийг огцруулах шийдвэр иргэдийн дургүйцлыг төрүүлж, Ерөнхий сайд шийдвэрээ цуцлахад хүрч байв.
“Цэргийн ажиллагаа ид өрнөж байгаа энэ үед Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайд нар бүрэн дүүрэн итгэлцлийн харилцаатай байх нь урьд өмнөхөөсөө илүү чухал байна. Харамсалтай нь цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойших эхний саруудад ийм илтгэлцэл байсан боловч сүүлийн саруудад Батлан хамгаалахын сайд бид хоёрын хоорондын итгэлцэлд ан цав гарсан” гэж Нетаньяху мэдэгджээ.
Тэрбээр Галанттай Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааны талаар ноцтой санал зөрөлдөөнтэй байгаа гэдгээ тодотгов.
Галантыг огцруулах шийдвэр 48 цагийн дараа хүчин төгөлдөр болно. Шинэ томилгоог эхлээд Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүн, дараа нь Кнессет батлах ёстой.