Сэтгүүлчийн биед халдсан NBA-гийн од шийтгүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /РИА Новости/. Сэтгүүлчийг түлхсэнийх нь төлөө "Филадельфиа Севенти Сиксерс" багийн төвийн тоглогч Жоэл Эмбиид-ийг гурван тоглолтод оролцуулахгүй байх шийдвэрийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ удирдлага гаргасан байна.
Эл явдал 2-ны өдөр болсон байна. Тухайн
өдөр дээрх багийн "Мемфис Гриззлис" багтай хийсэн тоглолт дууссаны
дараа сэтгүүлчид тамирчдаас ярилцлага авахаар хувцас солих өрөөнд оржээ. Энэ үед Эмбиид өөрийг нь шүүмжилж
бичихдээ түүний хүү ба нас барсан ахынх нь нэрийг дурдсан Philadelphia Inquirer
сонины тоймч Маркус Хейстэй маргалдаж
эхэлсэн байна. Хейс уучлал гуйсан боловч сагсан бөмбөгч түүнийг нь
хүлээж авалгүйгээр сэтгүүлчид дөхөж очоод мөр рүү нь түлхжээ.
Энэ явдлын дараа “бие
биенийгээ хүндэтгэх нь сагсанбөмбөгчид ба хэвлэл мэдээллийн ажилтнуудын хоорондын
харилцаанд хамгийн чухал. Ямар ч тохиолдолд хүч хэрэглэж болохгүй” гэж ҮСБХ-ны
дэд ерөнхийлөгч Жо Думарс хэлсэн байна.
Төвийн тоглогч Эмбиид өвдөгний
бэртлийн улмаас улирлын эхний тоглолтуудад оролцоогүй бөгөөд тэрбээр илааршиж
талбайд гарсны дараагаас эхлэн дээрх шийтгэлийг тооцно. ESPN сувгийн мэдээлснээр,
гурван тоглолт дараалан өнжсөн тохиолдолд Эмбиид 1 сая 63 мянган долларын алдагдал хүлээх
ажээ.
Өдгөө 30 настай Эмбиид NBA-гийн
2022/23 оны улиралд хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан юм. Харин өвдгөндөө
хагалгаа хийлгэсний улмаас энэ улиралд ганц ч тоглолтод оролцож чадаагүй байна. Гэмтлийг нь сэдрээхгүйн тулд Эмбиидийн оролцох тоглолтыг цөөлнө гэж “Филадельфиа” клубын удирдлага мэдэгдсэний дараа тус клуб ба төвийн тоглогч
хоёр шүүмжлэлд өртсөн юм.