СЭЛЭНГЭ: Нэрт академичийн гэрэлт хөшөөг түүний ач хүү, нэрт барималч Б.Дэнзэн бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд "Тодотгон танилцуулах түүхэн хүн" сэдэвт билгүүн номч Б.Ренчиний гайхалтай амьдралын талаарх танилцуулгыг хийв.
Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас зохион байгуулж байгаа Уншлага дэмжих долоо хоногийн ажлын нэг хэсэг нь энэхүү үйл ажиллагаа юм.
Бямбын Ринчен нь 1905 оны 11 дүгээр сарын 21-нд өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ.
Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг
аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглох болсон байна. Түүний эцэг
Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байв.
Бямбын Ринчен монгол хэл бичиг, ардын
билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн,
хэл бичгийн ухааны доктор цолтой байжээ.
1929 онд байгуулсан Монголын зохиолчдын
анхны дугуйлангийн гишүүн бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто,
герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн
харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын
зэрэг хамгаалжээ.
Бямбын Ринчен нь "Цогт тайж" киногоороо 1945 онд Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг анх удаа хүртжээ.
Тэрээр “Yүрийн туяа” роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, “Бэр цэцэг”, “Гүнж, Сандоо амбан”, “Их нүүдэл”, “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа”, “Ану Хатан” зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээсэн байна.
Түүний “Yүрийн туяа” гурвалсан романыг
орос, чех хэлнээ орчуулсан байна. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын
утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж, Горький, Маяковский, Шолохов,
Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс Монголын уншигчдад танилцуулсан хүн юм.
Монгол Улсын анхны сургуулиудын нэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийг тус суманд ажиллаж, амьдарч байсан зохиолч, эрдэмтэн, академич Б.Ринчений 100 насны ойгоор 2005 онд Монгол Улсын Засгийн газрын 153 тоот тогтоолоор түүний нэрэмжит болгосон юм.
Тус сургуулийн урд сүндэрлэх нэрт академичийн гэрэлт хөшөөг түүний ач хүү, нэрт барималч Б.Дэнзэн бүтээжээ.