УИХ-ын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-08 16:32:49

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хүргүүллээ.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ” хэмээн заасны дагуу УИХ-ын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан юм. Ажлын хэсэг Олон улсын парламентын холбоо болон бусад орны сайн туршлага, УИХ-ын 2019-2024 стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, УИХ-ын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны дүн, эрдэмтэн судлаачидтай хийсэн хоёр удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг судлан үзэж УИХ-ын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулжээ.


Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Тодруулбал, УИХ-ын бодлого, үйл ажиллагааны цөмд хүн байна. УИХ-аас гаргаж байгаа бодлого, шийдвэр, түүнийг боловсруулах, төлөөлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатад хүний хэрэгцээ, шаардлага, иргэдийн оролцоог нэн тэргүүнд зохистой хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар тусгасныг ажлын хэсгийн гишүүд тодотголоо. Тус стратеги төлөвлөгөөнд 5 зорилго, 17 зорилтыг дэвшүүлсэн байна.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулахад УИХ дахь таван нам, эвслийн төлөөлөл оролцсоныг тодотгоод, стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ парламент хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхэд анхааран ажиллана хэмээн онцлов. Мөн аливаа хэм хэмжээг хуулиар зохицуулж, процессын асуудлыг журам зохицуулдаг байх хууль, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж буйгаа тэмдэглэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ