Улсын драмын эрдмийн театр 93 "нас хүрлээ"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-12 11:57:13

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой тохиож байна.


Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж, соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн түүхтэй.


Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50 дугаар тогтоол гарч “Улсын төв театр” анх албаны ёсоор байгуулагдсан байна. Орчин үеийн мэргэжлийн театрыг байгуулахын тулд ЗХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатай курс нээн ажиллуулсны үр дүнд С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр үүд хаалгаа нээсэн түүхтэй. Түүний дараа “Монгол хүү”, “Эрдэнэт соёмбын эзэн, эрэлхэг жанжин Сүхбаатар” зэрэг жүжгүүдийг тавьсан. Ийнхүү монгол оронд орчин үеийн мэргэжлийн театр буй болж Монголын үндэсний соёлийн түүхэнд, нүүдэлчин ардын оюуны ертөнцөд нэгэн шинэ хуудас нээгдсэн юм.


УДЭТ-ын барилгыг 1956 онд нийслэлийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулсан бөгөөд уг хөрөнгөөр барих ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны аравдугаар сард ашиглалтад оруулжээ. Тэгвэл Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон бөгөөд 1981 онд Улсын драмын академик театр, 1994 онд Үндэсний жүжгийн академик театр, 2002 оноос Улсын драмын эрдмийн театр хэмээн нэрлэх болсон юм.


Театрын ойн хүрээнд өнөөдөр Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн мэндэлсний 118 жил, түүний гэгээн үйлийг сурталчлахаас гадна хөшөөнд нь УДЭТ-ын үе үеийн уран бүтээлчид, алба хаагчид цэцэг өргөж, “Суут зохиолч их Нацагдоржийн бүтээл”-ийн өдөрлөг зохион байгуулав. 







Холбоотой мэдээ