ДАРХАН-УУЛ: Сурагчдын санаачилсан задгай номын сан байгуулахыг дэмжихээ илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-12 13:22:36

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Од сургуулийн сурагчид сургуулийнхаа коридорыг задгай номын сан болгон тохижуулах санаачилга гаргажээ. Энэ тухайгаа аймгийн засаг даргад танилцуулж дэмжин ажиллахыг хүслээ.

 

Ном унших, уншсанаа өөр хоорондоо ярилцан мэдлэгээ хуваалцах, халуун дулаан орчныг бий болгох хүсэлтэй байгаагаа сурагчид илэрхийлсэн байна.


Бусад сургуульд үлгэр жишээ болох, хүүхэд багачуудыг илүү олуулаа номд дурлан, уншигч болоход нь уриалж буй тэдний хүсэл мөрөөдлийг дэмжин ажиллах болно гэж аймгийн Засаг дарга илэрхийллээ.

 

Сурагчид задгай номын сан байгуулахад шаардлагатай зураг, төсвийг өөрсдөө гаргаж дахин уулзахаар боллоо. Мөн үеэр сурагчдын бичсэн захидлыг аймгийн Засаг даргад уламжиллаа.


Ташрамд, Монгол Улсын Зөвлөх багш Д.Цэндсүрэнгийн санаачилгаар “Од” сургуульд “Ухаарлын толь” клуб байгуулсан байна. Анги бүрийн төлөөлөл болсон 106 сурагч тус клубийн удирдах зөвлөлд байдаг. Тэд эхлээд “Од” сургуулийнхаа 4090 сурагчийг ном унших зөв дадалтай болгоход санаачилгатай ажиллаж эхэлсэн бол одоо аймгийнхаа бүх сургуулийн сурагчдад ном уншихыг уриалж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.



Холбоотой мэдээ