Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуй нэгжийг тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100” аж ахуй нэгжийг алдаршуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд 23 дахь удаагаа боллоо.
“ТОП-100” аж ахуй нэгжийн жагсаалтын эхэнд Оюутолгой ХХК эрэмбэлэгдэж, Энержи Ресурс ХХК, ХААН банк ХК, Монголын алт МАК ХХК, Голомт банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, НИК ХХК, Премиум Нэксус ХК, Хүрэн Толгой Коал Майнинг ХХК, АПУ ХК зэрэг компани удаалсан байна. Өөрөөр хэлбэл, уул уурхай, олборлолтын салбар тэргүүлж, худалдаа, банк санхүү, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарынхан удаалав. Тэдгээрийн 89 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 14 нь хувьцаат компани бол экспортын үйл ажиллагаа явуулдаг 27 аж ахуйн нэгж, түүний дотор уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог долоон аж ахуйн нэгж энэхүү жагсаалтад багтсан байв.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй гарчээ. Тэдгээр аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж, 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж байгаа аж. Төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь бөгөөд ажиллагсдын тоо 83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1 хувиар өссөн дүнтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нээлтийн үеэр хэлэхдээ “Энэ удаа
ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг
эрэмбэлэн танилцуулж байгаа нь энэ жилийн онцлог юм. Эдгээр 250 аж ахуй нэгжийн
борлуулалтын орлогын дүн ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа ба төлсөн татвар нь
нийт татварын орлогын 34 хувийг бүрдүүлсэн байна. Ирэх жилээс ТОП 500 аж ахуйн нэгжийн
жагсаалтыг гаргана. Энэ нь бизнес эрхлэлтийн түвшнийг илэрхийлэх шинэ үзүүлэлт
болохын зэрэгцээ жижиг дунд бизнес идэвхжиж, хөрөнгө
оруулалт, борлуулалтын үйл ажиллагаанд нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй
байна” гэв.
АПУ ХК тогтвортой хөгжлийн стратегиа баримтлан ажиллана
АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуй нэгжийг жил бүр тодруулдаг. Зуун жилийн ойгоо тэмдэглэж буй АПУ компани нь ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр 20 дахь жилдээ шалгарлаа. АПУ компани Монгол Улсын нутаг дэвсгэрт 6 аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж, удирдаж байна. Эдгээр 6 аж ахуйн нэгжээс тав нь өнөөдөр “ТОП-100”-д эрэмбэлэгдлээ. Мөн “Шунхлай” групп болон GS25, Skytel, Шунхлай Трейдинг зэрэг бүрэлдэхүүн компани энэхүү жагсаалтад багтлаа. Ингэхээр группээрээ 8-9 компани энэхүү жагсаалтад багтсан гэсэн үг. Энэ нь аливаа бизнес олон хүний хамтын хүч хөдөлмөр, үнэ цэн дээр тогтдог болохыг харуулж байна. АПУ ХК цаашид тогтвортой хөгжлийн стратегиа баримтлан ажиллах болно.
Хуванцарын хаягдлыг багасгах, дахин боловсруулахад анхаарч байна
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Манай компани 9 дэх жилдээ ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч байна. Энэ хугацаанд бизнесийн цар хүрээ, төлж буй татварын хувь хэмжээ болон ажилтан, ажиллагсадын тоо нэмэгдсээр ирсэн. Нийт 1100 ажилтан, ажиллагсадтай, улсын хэмжээнд 17 мянган худалдаа, үйлчилгээний цэгт 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг. 2023 оны үзүүлэлтээр, 70 гаруй тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төлсөн байна. Сүүлийн жилүүдэд байгаль хамгааллын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж ирлээ. Тухайлбал, хуванцарын хаягдлыг багасгах, дахин боловсруулахад анхаарч, өнгөрсөн хугацаанд ажил хэрэг болгоод байна. Бид дахин боловсруулсан хуванцараараа сав баглаа боодол үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх болсон. Ер нь стратегийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байна гэж ойлгоход болно.
Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд
төвлөрч ажиллана
“АПУ Дэйри” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: Юуны түрүүнд ТОП 100 аж ахуй нэгжийн нэгээр шалгарсан “АПУ Дэйри” ХХК-ийн хамт олондоо болон 1000 гаруй сүү бэлтгэн нийлүүлэгч фермер, малчдадаа баяр хүргэе. Уламжлал болон инновацыг хослуулсан АПУ Дэйри монгол сүүний үйлдвэр нь 2017 онд бие даасан аж ахуй нэгж болсноосоо хойш анх удаа ТОП 100 аж ахуй нэгжийн жагсаалтад эрэмбэлэгдсэн нь бидний хувьд энэ жилийн хамгийн онцлох үйл явдал болж байна. Манай компанийн нийт борлуулалт 170 орчим тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувийн өсөлтийг бий болгосон байна. Бид ирэх онд 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ оруулж, шинэ үйлдвэрлэл, шинэ брэндүүдийг бий болгохоор зорьж буй. Цаашид монгол хүний сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээг өсгөх тал дээр манай компани төвлөрч ажиллана.
ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар,
Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах
хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан аж.