Сонгуулийн санал хураалт өглөө долоон цагт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-19 09:40:40

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хэсгийн хороод сонгогчдын санал хураалтыг энэ өглөөний долоон цагт эхэллээ.

Тус аймаг дахь орон нутгийн сонгуулийн 9 дүгээр тойргийн 489 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд өглөөний зургаан цаг 40 минутад бид очлоо. Санал хураалтыг эхлүүлэхийн өмнө хорооны гишүүд нам, бие даагчдын ажиглагч, сонгогчдын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй нээлт хийв. Хэсгийн хорооны ахлагч Г.Уранчимэг нээж тус хэсгийн хороо сонгуулийн санал хураалтыг хугацаанд нь эхлүүлж байгаагаа мэдэгдээд санал авах байрны гишүүд болон ажиглагчдыг хуулиа мөрдөж сонгогчдын саналаа өгөх бүхий л боломжоор хангаж ажиллахыг хүслээ. Дараа нь улсын бүртгэлийн төхөөрөмж болон санал авах хар машины кодыг уншуулж уг машины бүртгэлийн дугаар тэгээс эхлэж байгааг хорооны гишүүд болон сонгогчдын төлөөлөл, ажиглагчдад үзүүлж тэмдэглэл хөтлөв. Үүний дараа саналаа урьдчилж өгсөн 20 хүний саналыг хар хайрцагт уншуулж саналыг нь тэмдэглэл хөтлөж баталгаажуулав. Ингээд уг хэсгийн санал хураалт цагтаа эхэллээ. Хэсгийн Хорооны ахлагч Г.Уранчимэг:-“Манай хэсгийн хороо хуулийн хугацаанд буюу өглөөний 07 цагт нээлтээ амжилттай хийлээ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1674 сонгогч бүртгэгдэж санал хураалт жигдэрч эхлээд байна. Бид үдийн 12 цагаас эхлээд 17, 22 цагт мэдээгээ бүртгэлийн машинаасаа гаргуулаад дамжуулж явуулах ёстой. Манай Хэсгийн хорооны санал авах байранд нам, бие даагчдын зэрэг зургаан төлөөллийн ажиглагчид хуулийн хугацаанд хүсэлтээ ирүүлээд ажиглагчийн үнэмлэхээ аваад ажиглалтаа хийж байна” гэв. Тус аймгийн Сонгуульд нийт 31 хэсгийн хороо ажиллаж байгаагаас Дархан суманд 23, Шарын гол суманд 3, Хонгор суманд 3, Орхон суманд 2 хэсгийн хороо ажиллаж тэдгээрт нийт 273 хүн ажиллаж байна. Аймгийн Сонгуулийн Хорооны нарийн бичгийн дарга С.Алтандолгион:-“Энэ удаагийн сонгуульд аймгийн хэмжээгээр нийт 66538 сонгсгч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Ирсэн саналын хуудасны тоо гэвэл 66556 ширхэгийг хүлээж аваад хэсгийн хороодод хүргүүлсэн. Сонгуулийн онцлог гэвэл дахин сонгуульд 45 нэр дэвшигч байгаа бол сумын сонгуульд 225 нэр дэвшигч хоёр нам болон бие даагчид өрсөлдөж байна. Өглөөний 9 цагийн байдлаар санал авах байруудад ямар нэгэн зөрчилгүй санал хураалт үргэлжилж байна” гэлээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ