Ганц гараараа гайхамшгийг бүтээж буй Хансел Эммануэл

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-16 13:29:25

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /RIA Novosti/. Хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлийн сагсан бөмбөгийн талбайд тоглоно гэдэг бол үнэндээ төсөөлшгүй хэрэг. Тэр байтугай ялимгүй намхан нуруутай эрүүл саруул олон хүн лигт орж чадалгүй урдуураа улаан шугам татуулдаг шүү дээ.


Гэтэл золгүй явдалд өртөн нэг гараа тайруулсан Хансел Эммануэл өнөөдөр уран чадварлаг тоглолтоороо Америкийн сагсан бөмбөгийн оюутны лигт гайхамшгийг үзүүлж байна.


Доминикан улсын Санто-Доминго хотод төрж өссөн Хансел 6 настайдаа золгүй явдалд өртөж, түүний дээрээс байшингийн хананы үнсэн блок унасны улмаас хоёр цагийн турш блокны дороос гараа сугалж авч чадалгүй даруулжээ. Эмч нар түүний зүүн гарыг мөрнөөс нь доогуур тайрахаас аргагүйд хүрсэн байна. Ингээд зургаан сарын дараа эмнэлгээс гарах үед түүний амьдрал орвонгоороо эргэжээ.    


Хүүхэд ахуйдаа Хансел бейсбол тоглох дуртай байсан бөгөөд мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг байв. Гэвч өрөөсөн гартай түүнд спортын энэ төрөл яагаад ч тохирохгүй. Иймээс Хансел сагсан бөмбөгөөр хичээллэхээр шийджээ. Эхэндээ тэрбээр бөмбөгөө залах нь бүү хэл гүйж ч чадахгүй, ганц гартай учраас тэгшхэн газар дээр зогсож байгаад л уначихдаг байлаа. 


Хэсэг хугацааны дараа тэрбээр маш хурдан өсөж эхэлсэн бөгөөд 12 настайдаа 180 см өндөр болжээ. Хоёр жилийн дараа цагариган дээрээс тохож чаддаг болов. Энэ үед Хансел зөв сонголт хийсэн гэдгээ анх удаа мэдэрчээ.


Америкт эхэлсэн шинэ амьдрал


2021 онд Хансел гэр бүлийнхний хамтаар АНУ-д шилжин иржээ. Тэрбээр Флорида муж улс дахь Life Christian Academy дунд сургуульд элсэн орж, сургуулийн захиргаанаас түүнд спортын тэтгэлэг олгох болов. Тэрбээр энэ том итгэл найдварыг алдсангүй. Удалгүй нэг гартай гайхамшигтай сагсан бөмбөгчний тухай яриа Америк даяар тархлаа. Тэрбээр нэг тоглолтод дунджаар 25 оноо авч, 11 удаа самбараас бөмбөг авч, 6,9 удаа дамжуулалт хийж, 3,4 удаа бөмбөгийг хаасан нь /блокшот/ үнэндээ санаанд багтамгүй өндөр үзүүлэлт байлаа. Улмаар 198 см өндөр нуруулаг болсон Эммануэлийн тухай богино хэмжээний дүрс бичлэг тэр даруйдаа Америк даяар цацагдаж, тэрбээр дунд сургуулийн сагсан бөмбөгийн жинхэнэ од болжээ.


2022 онд Хансел оюутны сагсан бөмбөгийн NCAA лигт шилжин оров. Хэд хэдэн их сургуулиас өөрт нь оюутны тэтгэлэг санал болгосноос тэрбээр Луизианагийн NSULA их сургуулийг сонгов. Оюутан  болсны дараах эхний улирлыг Хансел асар их бэрхшээлийн дундуур туулан өнгөрч, дунд сургуульд байсан шигээ од болж чадсангүй. 


Дараа жил нь тэрбээр "Остин Пэй" их сургуульд шилжин ирж суралцсан бөгөөд одоог хүртэл тус сургуулийн багт тоглож байна. Энэ улиралд Хансе NCAA лигийн нэгдүгээр дивизионд тоглохдоо нэг тоглолтод дунджаар 5 оноо авч, 5,5 удаа самбараас бөмбөг авч, 2,2 удаа дамжуулалт өгч, 2 удаа бөмбөг тасалсан нь өндөр үзүүлэлт биш боловч муугүй тоглож байна гэсэн үг. Тэрбээр Батлерын их сургуулийн багтай хийсэн тоглолтын үеэр дамжуулалтыг тасалж, улмаар цагариг дээрээс бөмбөгийг маш хүчтэй тохсон нь үзэгчдийг уулга алдууллаа.

 

Өдгөө оюутны лигт тоглож буй Эммануэл хэвлэл мэдээллийнхний анхааралд хамгийн ихээр өртдөг болсон бөгөөд томоохон брэндүүд түүнтэй рекламны гэрээ байгуулахаар араас нь хөөцөлдөх болжээ. Тэрбээр телевизийн шоу ба пиар сурталчилгаанд байнга оролцож, “боломжгүй зүйл гэж үгүй” гэдгийг өөрийнхөө жишээн дээр бусдад харуулсаар байна.  


Ирээдүйд Эммануэл Үндэсний сагсан бөмбөгийн холбооны/NBA/ аль нэг багт тоглоно гэдгийг төсөөлөхөд хэцүү боловч тэрбээр хувь заяаны эрхшээлийг сөрж чадсан нь хүмүүсийн хайрыг хүндэтгэлийг зүй ёсоор хүлээж байна.

 

Холбоотой мэдээ