Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААННЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /AP/. “SpaceX” компанийн аварга том “Starship” сансрын хөлгийн зургаа дахь туршилтын нислэг амжилттай болжээ.
Энэ удаагийн туршилтаар сансарт "Raptor" хөдөлгүүрийг дахин асаах зэрэг сансрын хөлгийн техникийн гол сайжруулалтыг шалгасан байна. Нислэг нэг цаг гаруй үргэлжилж, сансрын хөлөг Энэтхэгийн далайн усанд газарджээ.
Компанийн инженерүүд энэ удаад “Super Heavy” зөөгч пуужингийн хурдасгуурыг “Mechazilla” тусгай тавцанд буцаад хяналттайгаар буулгаж, “барьж авч” чадаагүй байна. Хурдасгуур найм орчим минутын дараа 100 км-ийн өндрөөс доошилж, Мексикийн буланд буужээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анх удаа Илон Масктай хамт “Starship” сансрын хөлгийг хөөргөх ажиллагааг үзэхээр ирсэн байна. "Илон Маск болон энэхүү гайхалтай төсөл дээр ажиллаж байгаа гайхалтай эх оронч хүмүүст амжилт хүсье" гэж тэрбээр туршилт эхлэхийн өмнө “Truth Social” олон нийтийн сүлжээндээ бичжээ. Туршилтын нислэгийн шууд дамжуулалтыг 7 сая хүн үзсэн байна.