Х.Гвардиола "Сити"-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТНЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр
сарын 20 /ТАСС/. Испанийн дасгалжуулагч Хосеп Гвардиола Английн хөл бөмбөгийн
“Манчестер Сити” багтай шинээр гэрээ байгуулахаар тохиролцсон тухай “Нью-Йорк
таймс” сонинд мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ
гэрээг нэг улирлын хугацаатайгаар, дахин нэг удаа сунгах боломжтойгоор байгуулах
ажээ. Одоо үйлчилж буй гэрээ ёсоор Испанийн дасгалжуулагч 2025 оны зургаадугаар
сар дуустал ажиллах ёстой.
Өдгөө 53 настай Гвардиола 2016/17
оны улирлаас эхлэн “Манчестер Сити” багийг дасгалжуулж байгаа бөгөөд түүний
удирдлага дор тус баг зургаан удаа Английн аваргаар шалгарч, хоёр удаа Английн цомын
эзэн болж, Лигийн цомд дөрвөн удаа, Английн Супер цомд гурван удаа түрүүлсэн байна. Мөн 2023
онд “МС” баг Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, дэлхийн клубүүдийн АШТ-нд тус
тус аваргалж байв.
Өмнө нь Гвардиола Испанийн
“Барселона”, Германы “Бавария” багуудыг дасгалжуулж байсан бөгөөд түүний
удирдлага дор барселончууд Испанийн АШТ-нд гурван удаа, Испанийн цом,
Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, клубүүдийн ДАШТ-нд тус бүр хоёр удаа
түрүүлж байсан юм. Харин “Бавария” баг Германы аваргаар гурван удаа шалгарч,
Германы цомын тэмцээнд хоёр удаа түрүүлж, УЕФА-гийн Супер цом ба клубүүдийн
ДАШТ-нд тус бүр нэг удаа аваргалж байв.
Харин тоглогчийн хувиар Гвардиола
“Барселона”-гийн бүрэлдэхүүнд Испанийн АШТ-нд зургаан удаа түрүүлж, Испанийн
цом болон УЕФА-гийн цомыг хоёр удаа өргөж, Европын аваргуудын цом ба Цомтой
багуудын цомыг тус бүр нэг удаа хүртэж байв. 1992 онд Испанийн шигшээгийн
бүрэлдэхүүнд Олимпын аварга болж байжээ.
Тэрбээр ФИФА-гаас олгодог оны
шилдэг дасгалжуулагчаар гурван удаа шалгарсан юм.