БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-25 17:12:30

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улс 1924 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс анхдугаар Их хурлаа хуралдуулж, тухайн оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа батлан Бүгд Найрамдах Улсаа дэлхий дахинд зарлан тунхагласан түүхтэй. 


Тус Их хуралд халхын дөрвөн аймаг, дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн  төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 нь оролцож байжээ.


Улсын анхдугаар Их хуралд одоогийн Баян-Өлгий аймгийн харьяат ардуудаас Алтайн урианхайн итгэмжит гүн, Урианхай хошууны мэрэн Ш.Тэвэгт, Дөрвөд хошууны бошиг хар ард Ёндоо, Дархан бэйс Жамъяанжавын хошууны гүн Сандаг, казахын гүн Далелхан хошууны мэрэн Т.Даутбай, мөн хошууны мэрэн О.Ханафия болон ард Ш.Ахмет нарын хүмүүс төлөөлөгчөөр оролцсон байна.


Архивын баримтуудаас харахад Т.Даутбай Улсын анхдугаар Их хуралд Монгол дахь казахуудын тухай үг хэлж, казахууд Монгол нутагт ирж суурьшсанаас хойш 60 жил, Монголын харьяат болсноос хойш 14 жил болсон тухай хэлж, казах иргэдэд цэргийн алба хаалгаж байх тухай санал гаргаж, Коминтерны төлөөлөгч Т.Рысхуловын Нийслэл хүрээг "Улаанбаатар" гэж нэрлэх тухай саналыг дэмжин "Улаанбаатар хот дарлагдсан олон ардын эрх чөлөөг олгогч төв газар болж мандтугай" хэмээн ерөөж байжээ.


Улсын анхдугаар Их хурлаас Т.Даутбай, Ш.Тэвэгт нар Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдож төрийн удирдах дээд байгууллагын бүрэлдэхүүнд орж ажилласан байна. 

Холбоотой мэдээ