Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тэртээ 1924 оны энэ өдөр Манай улс Хаант ёсыг халж, хорьдугаар зууны улс төрийн дэвшилтэт хэлбэр болох Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болсон билээ. Монгол Улс Үндсэн хуультай болсноор Хаант засгаа сольж, ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг шинэ тогтолцоонд шилжсэн төдийгүй ардчилсан үзэл санаа бүхий хуулийн заалтуудыг гаргасан байдаг. Тухайлбал, хамжлагат ёсыг халж, газрын баялаг ард түмний өмч болохыг зарлан, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэйг хуульчилж, орчин үеийн парламентын засаглалын эх суурийг тавьжээ.
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхдугаар Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заасан байдаг юм.