Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 15.5 нэгж хувийн зөрүүтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-11-27 16:06:12

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ /. Улсын хэмжээнд 2024 оны 3 дугаар улирлын дүнгээр 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 сая нь ажиллах хүч, 849.6 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 63.0 хувь болжээ. Энэ нь  2023 оны мөн үеийнхээс 1.4 нэгж хувиар нэмэгджээ.

Хүйсээр авч үзэхэд:

  • эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 72 хувь,
  • эмэгтэйчүүдийнх 54.8 хувь.

Харин 25-29 насны бүлэгт оролцооны түвшин хүйсийн хувьд хамгийн өндөр зөрүүтэй байна.

Ажиллах хүчний оролцоо нэмэгдэхэд ажиллагчид 2023 оны мөн үеийнхээс 34.1 мянгаар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам буурахад боломжит ажиллах хүч буюу цалин хөлс, орлого олох ажил хайгаагүй эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн хүн ам 2023 оны мөн үеийнхээс 23 мянгаар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Нийт ажиллагчдын хувьд:

  • 719500 нь үйлчилгээний салбарт,
  • 332800 хувь хөдөө аж ахуйн салбарт,
  • 308100 нь аж үйлдвэр, барилгын салбарт,

Ажиллагчдыг эдийн засгийн салбар болон насны бүлгээр харьцуулахад 65, түүнээс доош насныхны дийлэнх нь үйлчилгээний салбарт ажиллаж байна.


Ажиллагчид 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 26.4 мянгаар нэмэгдэж, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилтын салбарт 49.8мянгаар буурсан нь хамгийн их өөрчлөлт болжээ.


Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59.2 хувь болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 0.8 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хүйсийн хувьд:

  • эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 67.3 хувь,
  • эмэгтэйчүүдийн хувьд 51.8 хувь,

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн зөрүү 15.5 нэгж хувь байна.


Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 88000 нь ажилгүй хүн, 18600 нь боломжит ажиллах хүч, 1700 нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч байна. Эдгээрийг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад ажилгүйдлийн түвшин 0.8 нэгж хувиар, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 0.4 нэгж хувиар нэмэгджээ. Тухайлбал, ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 0.7 нэгж хувиар, хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 1.1 нэгж хувиар буурчээ.


Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үндсэн 4 үзүүлэлтийн хувьд:

  • 15-24 насныхан /боловсрол, сургалтын дараах хөдөлмөрийн зах зээлд шинээр орж байгаа залуучууд/,
  • 25-54 насныхан /ерөнхий ажиллах хүчин/,
  • 55-64 насныхан /тэтгэвэрт гарахад ойрхон/,  

Ажиллах хүч: гэж тухайн хугацаанд зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүн юм.


Ажиллах хүчнээс гадуурх хүн ам: гэж сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллах хүчинд хамаарахгүй хөдөлмөрийн насны хүн амыг ойлгоно. Ажиллах хүчнээс гадуурх хүн амаас энэ боломжит ажиллах хүчийг тодорхойлно.


Хөдөлмөр эрхлэлтийн статус: гэж эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тухайн ажиллагчийг ажиллаж байгаа эдийн засгийн нэгж (хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага эсэх) болон эрх мэдэл, ажил үүргээр нь ангилахыг ойлгоно гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийжээ.

Холбоотой мэдээ