БАЯН-ӨЛГИЙ: Найман суманд зуд болох эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-28 11:53:25

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2024-2025 оны өвөл 2027213 толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 3622282 толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарсан.

Үүнээс өөр аймгийн нутаг дэвсгэрт 619 өрхийн 82.8 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 227 өрхийн 77.5 мянга, сум дундын отрын бүсэд 48 өрхийн 59.8 мянга, тусгай хэрэгцээний отрын бүсэд 23 өрхийн 47 мянга, хилийн зурвас нутагт 309 өрхийн 76 мянга, улсын тусгай хамгаалалттай газарт 612 өрхийн 311.9 мянга, нийтдээ 1838 өрхийн 655.1 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар баталсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу аймгийн хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээг өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар хийсэн. Эрсдэлийн үнэлгээгээр Улаанхус, Алтай, Дэлүүн, Булган, Цэнгэл, Сагсай, Буянт, Толбо зэрэг 8 сумын нутгаар цасан бүрхүүл ихээр тогтсон, цаг агаарын олон жилийн дундаж үзүүлэлт, газар зүйн онцлог, зудтай тэмцэх чадавх зэргээс шалтгаалан зудын эрсдэлийн түвшин "их" гэж үнэлэгдсэн. Харин Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур зэрэг 3 сум "дунд", Бугат сум "бага" эрсдэлтэй байгаа.

2025 оны нэг ба хоёрдугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, нэгдүгээр сард хур тунадас ахиу орох төлөвтэй. Эрсдэлийн үнэлгээний нэгдсэн дүнгээр Баян-Өлгий аймгийн хэмжээнд учирч болзошгүй зудын эрсдэлийн индекс 7.5 буюу "Их" түвшинд үнэлэгдэж байна.

Тус аймгийн малчид намар 69030 тонн байгалийн хадлан, 8128 тонн гар тэжээл, 5838 тонн давс, хужир шүү бэлтгэж, төлөвлөгөөний биелэлт 103.3 хувь болсон. Харин аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр хараахан шийдэгдээгүй байгаа. Аймгийн Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 104.6 тонн өвс, 89.8 тонн тэжээл бэлтгэж, төлөвлөгөө 20 хувийн биелэлттэй байна. 

Холбоотой мэдээ