Өмнөд Солонгос, Украины цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /VOA/. Оросын тал Украинд өдүүлсэн дайндаа Умард Солонгосын цэргүүдийг оролцуулж байгаагийн хариуд Өмнөд Солонгос, Украин улсууд цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.
Дээрх мэдэгдлийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёл, Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нарын уулзалтын дараа хийсэн байна.
"Ерөнхийлөгч Юн Сог Ёл Умард Солонгос, Оросын цэргийн хамтын ажиллагаанаас үүдэн хоёр улсын аюулгүй байдалд учирч буй аюул заналыг арилгах үр дүнтэй арга хэмжээг боловсруулахад Өмнөд Солонгос, Украин хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв" гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдэгджээ.
“Талууд Умард Солонгосын цэргүүдийг Орост байрлуулж байгаа, мөн тус хоёр улсын хооронд зэвсэг, технологи солилцож байгаа талаарх мэдээллийг үргэлжлүүлэн солилцохоор тохиролцсон” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид мөргөлдөөн болж байгаа улс орнуудад зэвсэг нийлүүлэхгүй байх бодлогоо эргэн харж магадгүй гэсэн утгатай мэдэгдлийг хийсний дараа Р.Умеров Сөүлд айлчиллаа. Гэхдээ уулзалтын дараа хийсэн Өмнөд Солонгосын талын мэдэгдэлд зэвсэг нийлүүлэх талаар дурдаагүй байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн сард Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө, тус улсад хэрэгцээтэй байгаа зэвсгүүдийн жагсаалтыг танилцуулахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн юм.
Юн Сог Ёл энэ сарын эхээр мэдэгдэхдээ, Өмнөд Солонгосоос зэвсэг нийлүүлэх шийдвэрийг "Умард Солонгосын тал мөргөлдөөнд ямар түвшинд оролцохоос" шалтгаалан гаргана гээд, Өмнөд Солонгосоос "зэвсэг нийлүүлэхийг үгүйсгэхгүй" гэж нэмж хэлжээ. Өмнөд Солонгосоос зэвсэг нийлүүлсэн тохиолдолд эхний ээлжинд хамгаалалтын зэвсэг нийлүүлнэ гэж тэрбээр хэлсэн байна.
Өмнөд Солонгосоос зэвсэг нийлүүлэх нь Украин дахь цэргийн ажиллагааны явцад ихээхэн нөлөөлж магадгүй гэж шинжээчид онцолж байна.