ЗАВХАН: Шагайн харвааны өв соёлыг сурталчлан таниулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын
хүрээнд "Улиастай-2024" шагайн харвааны тэмцээн
болж 60 гаруй харваач цэц мэргэнээ сорьжээ.
Даян мэргэн харваачдын холбоо, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газруудтай хамтран аймгийн төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан тэмцээнд 8 байгууллагын 60 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн.
Багийн харвааны тэргүүн байрыг аймгийн гарамгай мэргэн С.Базаррагчаа ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг, дэд байрыг аймгийн гарамгай мэргэн Н.Бямбасүрэн ахлагчтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын баг, гутгаар байрыг аймгийн гарамгай мэргэн С.Өсөхбаяр ахлагчтай аймгийн Байгаль орчны газрын баг тус тус эзэллээ. Дөрөвдүгээр байрыг аймгийн гарамгай мэргэн В.Базарваань ахлагчтай Улиастай сумын Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн баг эзэллээ.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь харваачид багаараа өрсөлдсөнөөс гадна шагайн харвааны талаарх ёс уламжлал, түүхийг хүүхэд залуучуудад таниулах сурталчилгаа мэдээллийг хийсэн.
Мөн харваачдын хувцаслалт, дэг жаяг, тэмцээний үеийн ёсыг таниулахаас гадна шагайн харвааны тэмцээний нээлтийн дуу, хөгжим гээд уламжлалт өв соёлыг үзэгчдэд таниулсан тэмцээн болсон юм. Учир нь шагайн харваа нь хүүхэд, залуусын хөгжил, соёл, хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, зөв үлгэрлэл, манлайллыг бий болгодог эртний уламжлалт наадаан, соёлын өв юм гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.
Шагайн соёлыг түгээн дэлгэрүүлэгч аймаг бол Завхан. Ялангуяа сартуул шагайн харваагаар сүүлийн 300 орчим жил буюу 6-8 үе дамжин цэц мэргэнээ сорьж байна.
Тиймээс, Завхан аймаг шагайн
соёлын өлгий нутаг болохын хувьд өв тээгчдээ алдаршуулах, тэдний арга барил,
өвөрмөц чадваруудыг таниулах. Өвлүүлэн уламжлуулах, шагайн харвааг сэргээн
дэлгэрүүлж, хөгжүүлэх. Монгол өв, соёлын дархлааг бий болгох, нийгмийг соён
гэгээрүүлэх үйлсэд бодит нөлөө үзүүлэх зорилгоор 2021 оноос “Даян мэргэн” үйл
ажиллагааг хэрэгжүүлж буй.
2000 гаруй жилийн өмнөөс монголчуудын эв эе, нөхөрлөлийн нэгэн чухал илэрхийлэл болсоор өнөө цагт уламжлагдан ирсэн энэхүү түүхэн спорт, тоглоомыг орон нутагтаа хөгжүүлэх “Даян мэргэн” хөтөлбөр 2024 оныг дуустал үргэлжилнэ.
"Даян мэргэн" төслийг эхлэл, суралцахуйн, дэлгэрлийн гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж дуусаж байна. Төслийн хүрээнд шагайн харвааны багш, дасгалжуулагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх. Аймгийн хэмжээнд 33-аас доошгүй дугуйлан, клуб байгуулах.
Сум бүр өсвөрийн болон насанд хүрэгчдийн багтай болж 1000-аас доошгүй шагайчдыг бэлтгэх. Шагайн харвааг орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын үйл ажиллагааны нэгэн төрөл болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөж үр дүнтэй өндөрлөж байна.
Тухайлбал “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн
хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр шагайн харвааны хүүхдийн 8 клуб байгуулсан байна.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургууль, тусгай мэргэжлийн 2 сургууль нийт 31 сургалтын байгууллага болон төрийн 7 байгууллагад шагайн харвааны сургалтын зурхай, гарын авлага, 8 клубд иж бүрэн сургалтын хэрэгсэл олгосон байна.
Шагайн харвааг сонирхол татахуйц олон төрөлт хэлбэрээр хөгжүүлснээр ялангуяа хүүхэд залуучуудад уламжлалт зан үйл, өв соёлын цогц мэдлэгийг түгээх. Нийгэмд эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцох зэрэг олон үр дүн гарч байна. Энэхүү төсөл нь нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, монгол өв соёлын дархлааг бий болгох юм.
Аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харваач байсан бол "Даян мэргэн" үйл ажиллагаа хэрэгжсэнээр идэвхтэй хичээллэж буй өвлөн уламжлагчийн тоо 500 гаруй болоод байна гэж Даян мэргэн харваачдын холбооноос нэмж дуулгалаа.