БАЯН-ӨЛГИЙ: Дулааны станц 82 хоногийн нүүрсний нөөц бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-29 11:40:10

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумын албан байгууллага, айлыг дулааны эрчим хүчээр хангадаг “Эрчимбаян өлгий” компани өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ.


Тус компанийн дулааны станц нь дөрвөн зуухтай ба одоо хоёр зуухаар халаалт өгч байгаа.


Дулааны станц энэ сарын 22-ны өдрийн байдлаар 82 хоногийн буюу 12.7 мянган тонн нүүрсний нөөц бүрдүүлжээ. Мөн төвлөрсөн цахилгаан эрчим хүч тасарсан үед халаалтын зуухыг хэвийн ажиллуулдаг 600 кВт-ын хүчин чадалтай нэмэлт цахилгаан үүсгүүртэй.


Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр бусад сум нэгдсэн халаалтын зуухныхаа засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу хийсэн. Одоогоор 37 хоногийн нүүрсний нөөцтэй бөгөөд өөрсдийнхөө зуухны хүчин чадалд тохирсон 50-90 кВт-ын аваарын нөөц дизель цахилгаан үүсгүүртэй ажиллаж байна.

Холбоотой мэдээ