БУЛГАН: "Эгшиглэнт хөг" өсвөрийн морин хуурчдын уралдаанд 40 хуурч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-03 17:23:31

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар-2024" аяны хүрээнд “Эгшиглэнт хөг” өсвөрийн морин хуурчдын уралдаанд 4 сумын 40 гаруй сурагч авьяас билгээ сорьж, үзэгч олонд хуурын гайхамшгийг мэдрүүллээ.


Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 09 дүгээр зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд өвлөн бүтээх ирээдүйн хуурчид чууллаа.  


ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол үндэстний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуур хөгжмийг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Эгшиглэнт хөг” өсвөрийн морин хуурчдын уралдааныг аймгийн хэмжээнд нээлттэй зохион байгууллаа.


Тус уралдаанд: Дунд нас 1-р байр 2-р сургуулийн сурагч Т.Хонгорзул, 2-р байр 2-р сургуулийн сурагч  Б.Тэмүүлэн, 3-р байр Баяннуур сумын сурагч  Г.Тогтуун, Ахлах нас 1-р байр 2-р сургуулийн сурагч Н.Мичидмаа, 2-р байр 2-р сургуулийн сурагч Б.Мөнхбилгүүн, 3-р байр Дашинчилэн сумын сурагч Д.Цэдэн-Иш, Хамтлаг 1-р байр сургуулийн “Төвөргөөн хамтлаг”, 2-р байр Баяннуур сумын “Монгол туургатан-3 хамтлаг”, 3-р байр Баяннуур сумын “Монгол туургатан-2 хамтлаг” тус тус эзэлжээ.


Уралдааныг Булган аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр зохион байгууллаа.


Булган аймгийн хэмжээнд 9 суманд морин хуурын дугуйлан хичээллэж, 120 орчим хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хүүхдүүд ихэвчлэн 10 наснаас эхлэн суралцаж байна. 




















Холбоотой мэдээ