Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлажээ.
Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1982 онд баталсан дэлхийн хөтөлбөрт энэ зорилгыг тодорхой тусгажээ. Энэ жил тус өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” гэсэн уриатай тэмдэглэж байна.
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 111.2 мянган хүн байдаг бөгөөд энэ нь нийт хүн амын 3.4 хувийг эзэлж байгаа юм. Үүнээс дөнгөж 15300 нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистик бий. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 35.3 мянга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, 30.1 мянга нь асаргааны тэтгэмж, 18.4 мянган хүн хөнгөлөлт, 28.1 мянга нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч байгаа юм. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагддаггүй 814, сургуульд сурч чадахгүй байгаа 1263 хүүхэд байдгийн олонх нь орон нутагт амьдарч байна.
Энэ өдөр баяр, уриа лоозон төдий биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр аж. Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэхээр зургаан аймагт олон улсын жишигт нийцсэн барилгатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, орон нутагтаа цогц үйлчилгээ авах боломж бүрдүүлсэн байна. Үүнээс гадна эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. 2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмэгдүүлэх аж. Мөн живхний үнийн хөнгөлөлт олгох, хүнд хэлбэрийн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг Дэмжих үйлчилгээнд хамруулах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг үзүүлэхэд 11.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт тусгуулсан байна.
Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж, хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг
бүтээхэд хувь хүн, төр, хувийн хэвшлийн
байгууллага бүр иргэдийнхээ дуу хоолойг сонсож, дэмжиж, хамтран ажиллахыг уриалжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 325-375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг 275-302.5 мянган төгрөг болгон нэмжээ.