“Эрдэнэт кап” халз тулаанд орох тамирчдыг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-04 11:21:33

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын нэгдмэл боксын холбооноос мэргэжлийн боксын халз тулааныг Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулна.


Хоёр хоногийн дараа буюу энэ сарын 6-нд болох тулаан эрэгтэй зургаа, эмэгтэй нэг жингийн ангиллаар болох бөгөөд шилдэг тулаанчид гурван минутаар зургаан үе тоглоно. Тулаанд оролцох тамирчид маргааш жингээ үзэхийн сацуу нүүр тулах уулзалт хийж, өөрсдийн бие бялдар, сэтгэл зүйн бэлэн байдлаа олон нийтэд харуулна. Тулаанд ялсан боксчин 1.8 сая төгрөг гардах бол ялагдсан нь 800 мянган төгрөг халаасална.


Тулааны гол зорилго нь ид гялалзаж яваа тамирчдаа олонд илүү таниулах, урам зориг өгөх, цаашдын олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд сэтгэл зүй, бие бялдарыг бэлтгэх, мэргэжлийн боксын спортыг Монголд өндөр түвшинд хөгжүүлэх, тамирчдыг гадагшаа тулаанд явах үүд хаалгыг нь нээж өгөхөд оршиж байгаа ажээ.


Эмэгтэйчүүдийн 57.2 кг-ын жинд өрсөлдөх тулаанчдаар олон улсын хэмжээний мастер Т.Болортуул, өсөх ирээдүйтэй залуу мастер Б.Золжаргал нар тодорсон байна. Хоёр тулаанчийн жин, өндөр ижил ч хоорондоо 14 насны зөрүүтэй. Тодруулбал, хашир мастер Т.Болортуул 37, залуу тамирчин Б.Золжаргал 23 настай аж. Энэ нь тулаанд оролцогчдын хамгийн хол насны зөрүү юм. Түүнчлэн эрэгтэй зургаан жингээс 75 кг-ын жинд тулалдах олон улсын хэмжээний мастер Г.Далай, спортын мастер Х.Төрбаяр нарын насны зөрүү 10 байна.




Холбоотой мэдээ